
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- “NongShim” компани бараг 40 жилийн турш өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Shin Ramyun”-аараа БНСУ-ын бэлэн гоймонгийн зах зээлд давамгайлж ирсэн юм. Харин “Samyang Foods”-ийн “Buldak” дэлхий даяар алдартай болсноор хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хүчтэй өрсөлдөгчөөр тодорчээ.
“Buldak”-ийн эрэлт эрс өссөнөөр “Samyang” компанийн гадаад зах зээл дэх борлуулалт нийт орлогынх нь 80-аас дээш хувийг бүрдүүлж эхэлсэн байна. Үүнтэй харьцуулахад “NongShim”-ийн нийт борлуулалтын ердөө 37 хувийг л олон улсын дахь экспорт эзэлдэг аж.
Үүнээс гадна “Samyang”-ийн зах зээлийн үнэлгээ “NongShim” компанийнхаас бараг дөрөв дахин өндөр түвшинд хүрчээ.
“NongShim” хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж эхэлсэн байна. Тухайлбал: Бусан боомт хотод барьсан 200 тэрбум вон буюу 149 сая ам.долларын “Shin Ramyun”-ийн үйлдвэр үүнд багтаж буй. Энэ нь “NongShim”-ийн анхны экспортод тусгайлан зориулсан үйлдвэр бөгөөд тус компанийн мэдэгдсэнээр дэлхийд хамгийн хурдан бэлэн гоймонгийн үйлдвэрлэлийн шугамуудыг ашиглах аж.
Шинэ үйлдвэр нь “NongShim”-ийн БНСУ дахь экспортын хүчин чадлыг 70 хувиар тэлэх бөгөөд гадаад зах зээлд “Samyang”-д алдсан байр сууриа нөхөхөд туслах юм байна.
“NongShim” 2030 он гэхэд дэлхий даяарх бэлэн гоймонгийн борлуулалтаа хоёр дахин өсгөж, 5.4 их наяд вон хүргэх зорилт тавьсан байна. Ингэхдээ гадаад зах зээлийн борлуулалт нийт орлогынх нь 60 гаруй хувийг бүрдүүлэхээр тооцоолжээ.