
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын эдийн засгийн өсөлт аравдугаар сард бүх салбарт саарч, хэрэглээ болон аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл хүлээлтээс доогуур гарлаа.
Мөн хөрөнгө оруулалт эрс буурсан байна. Энэ нь Бээжингийн эрх баригчдын хамгийн сүүлд хэрэгжүүлсэн эдийн засгаа дэмжих арга хэмжээ үр дүнгээ хараахан өгч эхлээгүй байгааг харуулсныг “BofA Global Research”-ийн Эх газрын Хятадын Ахлах эдийн засагч Хелен Чиао тодотголоо. Тухайлбал: жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өссөн нь есдүгээр сарынхаас огцом удааширсан үзүүлэлт бөгөөд “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамгаас нэлээд доогуур үзүүлэлт болж байна.
Түүнчлэн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өссөн нь сүүлийн гурван сарын хугацааны хамгийн сул өсөлт боллоо.

Эдгээр үзүүлэлт нь Бээжин есдүгээр сарын эцсээр эдийн засгийн өсөлтийг дэмжих хүчин чармайлтаа эрчимжүүлсний дараа эдийн засгийн эрч суларч буйг харуулсан таагүй дүр зургийг харуулж байна. Эдийн засгийн өсөлтийн эрч цаашид улам сулрах тохиолдолд бодлого боловсруулагчид төсвийн арга хэмжээнд илүүтэй түшиглэх төлөвтэй байна.
Харин зээлийн эрэлт хэдийн сул байгаа нөхцөлд бодлогын хүүг бууруулахад болгоомжтой хандаж буйгаа Хятадын Ардын банк илэрхийлсэн байна.