
Зургийг: Alex Kraus/Bloomberg
(Bloomberg) -- "Nvidia"-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан хоёр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл гарсны дараа албан тушаалаасаа буулаа. Түүний оронд Санхүү хариуцсан захирал Колетт Крессийг Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд дээрх мэдээлэл гарсны дараа "Nvidia"-ийн хувьцааны ханш зах зээл нээгдэхийн өмнөх арилжаагаар буурчээ.
Хувийн харилцааны тухай мэдээлэл задрах нь хөрөнгийн зах зээлээс нэг их наяд ам.долларын үнэлгээ арчих тохиолдол тэр бүр гардаггүй. Харин “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан БНХАУ-ын тагнуул байж болзошгүй гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрснөөр хувьцааны зах зээлд яг ийм үзэгдэл ажиглагдсан юм.
Энэхүү зах зээлийн савлагаа тус чип үйлдвэрлэгчийн цар хүрээ төдийгүй олны танил Гүйцэтгэх захирал нь компанид ямар чухал үүрэгтэй байсныг ч харуулж байна. “Nvidia”-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор дөрвөн их наяд ам.доллароор хэмжигдэж буй нь Япон, Их Британи эсвэл Энэтхэг улсын эдийн засагтай дүйцэхүйц дүн юм.
Одоогоос 33 жилийн өмнө “Nvidia” байгуулагдсан цагаас хойш Женсен Хуан тус компанийг тасралтгүй удирдаж ирсэн нь Цахиурын хөндийд хамгийн удаан үргэлжилсэн Гүйцэтгэх захирлын хугацаа юм. Тэрбээр компанийн тэргүүлэх чиглэлийг график чипээс хиймэл оюуны хурдасгагч чип рүү шилжүүлэх шийдвэрийг гаргаж байсан бөгөөд энэхүү эргэлт нь “Nvidia”-ийг зах зээлийн үнэлгээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болоход хүргэжээ. Мөн Женсен Хуаны дэлхий даяар идэвхтэй хийсэн лобби нь компанийн давамгай байр суурийг хадгалахад тусалсан байна.
2022 оны 11 дүгээр сарын 30-нд тухайн үед төдийлөн танигдаагүй “OpenAI” компани “ChatGPT” чатботыг танилцуулснаар “Nvidia”-ийн чипийн эрэлт эрс өссөн юм. Түүнээс хойш “Nvidia”-ийн хувьцааны ханш 14 дахин өсөж, аравдугаар сарын зургааны өдөр оргилдоо хүрч байв.

Хэдхэн жилийн дотор “OpenAI”-аас гадна “Alphabet”, “Amazon.com”, “Microsoft” зэрэг дата төвийн хэрэглэгчдээс ирэх эрэлт огцом нэмэгдсэн бөгөөд ингэснээр 2024 оны дунд үед “Nvidia” зах зээлийн үнэлгээгээрээ эдгээр гурван компанийг анх удаа ардаа орхисон юм.
Энэ оны аравдугаар сарын эхээр тус компанийн үнэлгээ зургаан их наяд ам.доллар дөхөж байсан ч түүнээс хойш “Apple”-ийн ард бичигдэх болж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн байр сууриа алджээ.
2024 оноос хойш “Nvidia” нь хиймэл оюуны салбарын зөвхөн нийлүүлэгч бус, гол санхүүжүүлэгчдийн нэг болсон юм. Тус компани “OpenAI”, Илон Маскийн “SpaceX”, Францын “Mistral” зэрэг тэргүүлэх хиймэл оюуны платформ хөгжүүлэгчид болон дата төв байгуулж буй компаниудад их хэмжээний хөрөнгө оруулсан байна.

Женсен Хуаны хувьд нарийн ширийн зүйлд хүртэл хэт анхаардаг, хатуу шаардлагатай удирдлагын хэв маягаараа олонд танигдсан нэгэн. Компанийн бүх томоохон шийдвэр түүгээр дамждаг бөгөөд тэрбээр бизнесийн хамгийн жижиг асуудлуудад ч оролцдог. Түүнд ойролцоогоор 60 ажилтан шууд ажлаа тайлагнадаг нь технологийн салбарын удирдагчдын дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм.
Тагнуултай холбоотой дуулиан нь тус компанийн “Key-Man Risk” буюу нэг хүнд хэт түшиглэснээс үүсэх эрсдэлийг тодотгож буй. Өдгөө 63 настай Женсен Хуантай “Nvidia”-ийн амжилт салшгүй холбоотой гэж зах зээл үздэг.