
Зургийг: stocktitan.net
АНУ-ын “NYSE American” Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Luda Technology Group Limited” Монголоос БНХАУ-д 1.05 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэх шинэ гэрээ байгуулснаа мэдэгдлээ. Ингэснээр тус компанийн Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийж буй нүүрсний худалдааны гэрээлсэн нийт хэмжээ 1.49 сая тонн хүрч байна.
Гэрээний дагуу Шанхайд төвтэй “Shouying Huifu Energy Development” компани 2027 оны 11 дүгээр сарын хоёрны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд нүүрсээ хэсэгчлэн захиална.
Харин “Luda Technology Group”-ийн охин компани ижил хэмжээний нүүрсийг мөн хугацаанд нийлүүлэх гэрээг Монголын талын нийлүүлэгч “Source Profit Link” компанитай байгуулжээ. Нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Их говь” нүүрс угаах үйлдвэрээс нийлүүлэх аж.
“Luda Technology Group” нь Монголын нийлүүлэгч, БНХАУ-ын худалдан авагчийн хооронд худалдааны зуучлагчаар ажиллаж, нүүрсний чанар, жинг баталгаажуулах, тээвэр болон төлбөр тооцоог зохицуулах юм.
Ган эд анги үйлдвэрлэж, худалдаалдаг тус компани нүүрсний зах зээлд нэвтэрснээсээ хоёр орчим долоо хоногийн дараа гэрээт хэмжээгээ ийнхүү нэмэгдүүлж байна. Цаашид жонш, төмрийн хүдэр, зэс зэрэг бусад түүхий эдийн худалдаанд орох боломжийг судалж байгаагаа мэдэгдлээ.
Үүнээс өмнө "Luda Technology Group" Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах “Жоншт Толгойн” хайлуур жоншны төслийн ашиглалтын эрхийг худалдан авах боломжийг судлахаар “Чулуут-Интернэшнл” ХХК-тай санамж бичиг байгуулжээ. Талууд хэлэлцүүлгийн хүрээнд 14 сая ам.долларын үнийг урьдчилан дурдсан ч хэлцэл хараахан эцэслээгүй байгаа аж. Талууд 2027 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор эцсийн хэлцлийг хийх зорилт тавин ажиллаж байна.