
Зургийг: Jose Sarmento Matos/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны ажилтнууддаа илгээсэн 257 үгтэй дотоод мэдэгдэл нь тус компани 30 жилийн түүхэндээ байгаагүй хямралтай нүүр тулсныг тодорхой харууллаа. Ням гарагт илгээсэн мэдэгдэлдээ тэрбээр БНХАУ-ын тагнуул байж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчдын сэжиглэж буй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн байна.
“Nvidia”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хараат бус гишүүдээс бүрдсэн хороо байгуулж, хөндлөнгийн хуулийн зөвлөхүүдтэй хамтран Женсен Хуан гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг шалгана. Үндэсний аюулгүй байдал болон компанийн нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүйг Төлөөлөн Удирдах Зөвлөл онцолсон байна. Шалгалтын дүн гарах хүртэл Женсен Хуан Гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллана.
Мөн Дональд Трамп түүнийг “Сайн хүн” хэмээн тодорхойлж, албан тушаалдаа үлдэхийг дэмжсэн байр суурь илэрхийлжээ.
Өдгөө 63 настай Женсен Хуаны мэдэгдлийн дараа “Hyperliquid” блокчэйн дээр арилжаалагддаг “Nvidia”-ийн хувьцааны ханшийг дагадаг хугацаагүй фьючерс гэрээний үнэ 2.9 орчим хувиар, “Nvidia”-ийн хувьцааны ханш уртасгасан цагийн арилжаанд дөрвөн хувь давж буурлаа.
Дата төвийн хөрөнгө оруулалт удаашрах болгоомжлол нэмэгдсэн эмзэг үед дээрх хэрэг хиймэл оюуны салбарын гол компанийн удирдлага, засаглалыг чиглэх эргэлзээг нэмэгдүүлж, хиймэл оюуныг тууштай дэмжигч Женсен Хуаны нэр хүндэд томоохон цохилт болж байна.