logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    АЖМХ: Нэг сая дахь жуулчнаа угтан авах арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлээд байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 06 09:25
    110

    Зургийг: Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ/MTO

    2026 он гарсаар 932,764 жуулчин Монгол Улсыг зорин ирээд байна

    Монгол Улс нэг сая дахь жуулчнаа хүлээн авах арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлээд байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.

    Монголыг зорин ирэх жуулчдын тоо нэг сая хүрэхэд 93.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Сүүлийн байдлаар 11 дүгээр сарын эхний гурав хоногт л гэхэд 7176 жуулчин Монголд хүрэлцэн ирээд байна.

    2026 он гарсаар 932,764 жуулчин Монгол Улсыг зорин ирээд байгаагаас 318,705 нь буюу нийт жуулчдын 34 орчим хувь нь ОХУ-ын иргэд, 25 орчим хувь буюу 232,991 нь БНХАУ-ын иргэд, 17.6 хувь буюу 164,604 нь БНСУ-ын иргэд байгаа аж.

    Энэ оны аравдугаар сард л гэхэд 84,082 жуулчин Монгол Улсыг зорин ирсэн нь өмнөх оны мөн үед 70,958 жуулчин ирж байснаас 13 мянга гаруйгаар илүү байна.

    6-1.JPG

    Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэх хүрээнд 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн юм. Жуулчны тооноос илүү нэг жуулчнаас олох өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг салбарынхан тодотгодог.

    Үүнээс гадна Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын “Wanderlust Travel Awards 2026”-аас аялагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж буй шинээр хөгжиж буй аялал жуулчлалын чиглэл ангилалд дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарч, долоодугаар байрт эрэмбэлэгдлээ. 

    “Wanderlust Reader Travel Awards” нь “Wanderlust” сэтгүүлийн уншигчдын олон нийтийн санал хураалтаар дэлхийн хамгийн ихээр зорин очихыг хүсдэг аялал жуулчлалын чиглэл, тур оператор болон салбарын тэргүүлэгч брэндүүдийг тодруулдаг аж. Энэ амжилт нь Монгол Улсын байгалийн өвөрмөц тогтоц, нүүдэлчин соёл, түүх, уламжлал, дахин давтагдашгүй аяллын туршлага олон улсын аялагчдын сонирхлыг татаж байгааг илтгэх чухал үзүүлэлт болж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо онцоллоо. 

    Cэтгэгдэл бичих