logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Монголбанк: I-IX сард төлбөрийн тэнцлийн ашиг өсөж, $1.69 тэрбум болов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 16:20

    Зургийг: С.Батсайхан

    Оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум 690 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь жилийн дүнгээр нэг тэрбум 637 сая ам.доллароор сайжирсан дүн болохыг Монголбанк мэдээллээ.

    Өнгөрсөн оны мөн үед 53.17 сая ам.долларын ашигтай гарч байсныг Монголбанкны дата мэдээлэл харуулж байна. Төлбөрийн тэнцлийн ашиг нэмэгдсэнээр валютын нөөцөд багагүй хэмжээний эерэг нөлөө үзүүлж, есдүгээр сарын эцсийн гүйцэтгэлээр нөөц өмнөх оны мөн үеэс 51.45 хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа.  

    Төлбөрийн тэнцэлд хамгийн өндөр дарамт болдог урсгал дансны алдагдал буурч, 2026 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 471.66 сая ам.долларын ашигтай гарсан байна. Өнгөрсөн оны эхний есөн сард урсгал данс хоёр тэрбум гаруй ам.долларын алдагдалтай байсантай харьцуулахад тав дахин буурсан үзүүлэлт болж байгаа юм.

    Энэ оны хувьд Монгол Улс аялал болон тээврийн үйлчилгээнээс хүлээх алдагдал нэмэгдсэн бол барааны дансны ашиг 3.6 дахин өссөн эерэг үзүүлэлттэй байна. 2025 оны мөн үед Монгол Улс тээвэр, аялал зэрэг үйлчилгээний тэнцэл хоёр тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээж байв.

    Хэдийгээр Монгол Улсын экспортын түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд өндөр, тоо хэмжээний хувьд нүүрс, зэсийн баяжмалын экспорт өссөн ч эрсдэл өндөр хэвээр байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд анхааруулж буй. Сүүлд олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улс супер циклийн үеийн эерэг нөлөөг бүрэн гүйцэд ашиглах боломжтойг зөвлөж байсан юм. 

    Cэтгэгдэл бичих