logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Европын Төв банк бодлогын хүүг 2.5 хувьд хэвээр үлдээлээ
    Jana Randow
    Mark Schroers
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 30 09:45

    Зургийг: Ben Kilb/Bloomberg

    Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа бууна

    Европын Төв банк бодлогын хүүгээ 2.5 хувьд хэвээр үлдээснээ мэдээллээ. Есдүгээр сарын хурлаар бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд 2026 онд хоёр удаа бодлогын хүүг өсгөөд байгаа юм.

    Бодлогын хүүг хэвээр үлдээхэд эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас есдүгээр сард инфляц 3.8 хувьд хүрч эрчимжсэн бөгөөд Европын Төв банк инфляцыг хоёр хувьд барих зорилттой. Хэдий тийм боловч суурь инфляц болон цалингийн өсөлт тогтвортой хэвээр байгаа ба инфляцын хоёр дахь үеийн нөлөө харьцангуй бага байгааг Европын Төв банкны хурлаар тодотгосон байна. Харин зах зээлд хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж, зээлийн эрэлт өсөж буйг энэ удаагийн хурлын үеэр анхааралтай авч үзжээ.

    Франкфурт хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын Төв банкны дээрх шийдвэрээс гадна тус банкны Ерөнхийлөгч Кристин Лагард бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө ажлаа хүлээлгэн өгөхөөр болсныг мэдэгдсэн байна. Түүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны аравдугаар сард дуусгавар болох ёстой ч хоёрдугаар сарын 7-нд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсныг Европын Төв банк мэдээллээ. Тус банкны Ерөнхийлөгчийг Европын Зөвлөлөөс томилох юм байна.

    Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард

    "Албан тушаалаа орхиход тохиромжтой үе гэж байдаггүй. Хэдий тийм боловч Европын Төв банкны засаглалын тогтолцоонд Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд бүрэн эрхийн хугацаагаа сунгуулах боломжгүй учраас албан тушаалаа орхих ёстой гэж тусгасан байдаг. Тиймээс миний бүрэн эрхийн хугацаа ямар ч тохиолдолд 2027 оны аравдугаар сард дуусах байсан.

    Харин 2027 оны аравдугаар сар хүртэл ажиллахын оронд хоёрдугаар сард дуусгахаар шийдсэн шалтгаан нь хамтран ажиллагсад, ажилтнууд болон Төв банкны захирагч нарт хэлсэнчлэн мөнгөний бодлогод хамаарахгүй асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх болон оролцох эрх чөлөөтэй байхыг хүссэнтэй холбоотой. Та бүхний мэдэж байгаачлан Европын Төв банкны Ерөнхийлөгчийн хувьд би болон Гүйцэтгэх, Удирдах зөвлөл дэх миний хамтран ажиллагсад бараг ижил зарчмыг мөрддөг. Бид төвийг сахих үүрэгтэй. Аливаа нөхцөл байдлын талаар мөнгөний бодлогод төвлөрсөн байр сууринаас тайлбар хийдэг. Бид нэг л бүрэн эрхийн хүрээнд ажилладаг. Үүнээсээ гардаггүй. Энэ бол бидний хараат бус байдлынхаа төлөө төлдөг золиос юм. Гэхдээ өнөөдөр зөвхөн Европт ч биш, дэлхийн олон бүс нутагт болж буй үйл явдлуудтай холбоотойгоор миний дуу хоолой, үйлдэл эрхэм зарчмуудаа хамгаалахад тус болж чадна гэж бодож байна. Нэг зарчмын маань талаар Жан-Филипп Лакур надаас асууж байсан. Би төвийг сахисан хэвээр байж чадна гэж бодохгүй байна.

    Өнөөгийн нөхцөлд төвийг сахисан байр суурин дээрээ зогсоход надад таагүй санагдаж байна. Би үнэнийг эрхэмлэдэг. Харин үнэнийг ташаа мэдээлэл, буруу дүрслэлээр маш олон удаа гуйвуулж, үгүйсгэхийг харж байна. Би сүүлийн 20 гаруй жил эдийн засаг, санхүүгийн салбарт, Олон улсын валютын сангийн тэргүүн, Европын Төв банкны Ерөнхийлөгчөөр ажилласны хувьд хэлэх зүйлс надад бий. Хүмүүс сонсох эсэх нь өөр асуудал. Гэхдээ би эдгээр зүйлийг хэлэх ёстой гэж бодож байна. Харин одоогийн албан тушаалдаа байхдаа үгээ хэлэх боломжгүй юм" гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих