
Зургийг: GOBI Cashmere
Монголын ноолуурыг дэлхийн премиум хэрэглэгчдэд хүргэх зорилгоо ахиулж буй “Говь” ХК БНСУ-д анхны томоохон үнэлгээгээ авлаа. Тус компани “Forbes Korea” сэтгүүлээс зохион байгуулсан “2026 First Trusted Premium Brands" буюу “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагналыг хүртсэн Монголын анхны брэнд болсон байна. Чанар, хэрэглэгчийн итгэл, брэндийн үнэ цэнийг илэрхийлэх тус үнэлгээ нь “Говь” ХК -ийн БНСУ-ын зах зээлд хийсэн хөрөнгө оруулалт богино хугацаанд танигдаж, Монголд үйлдвэрлэсэн ноолуур шаардлага өндөртэй хэрэглэгчдэд өрсөлдөх боломжтойг бататгасан үйл явдал болж байна. Мөн компанийн олон улсын брэнд болох зорилгод БНСУ стратегийн шинэ тулгуур зах зээл болж буйг харууллаа.
“Говь” ХК 2025 оны наймдугаар сард БНСУ-д охин компаниа байгуулсан нь АНУ, ХБНГУ, Их Британи, БНХАУ-ын дараах тав дахь гадаад салбар нь болсон юм. Тус компанийн 2025 оны үйл ажиллагааны тайланд гадаад зах зээлийн борлуулалт нь 46.9 тэрбум төгрөг хүрсний 47 хувийг гадаад дахь охин компаниуд, цахим болон биет дэлгүүрийн борлуулалт бүрдүүлснийг мэдээлж байв.
БНСУ-д хэрэглэгчтэйгээ шууд харилцах бодлого баримталсан нь тухайн зах зээлийн эрэлт, загварын чиг хандлага, худалдан авагчдын санал хүсэлтийг хурдан тусгаж, борлуулалтын шинэ суваг бий болгох ач холбогдолтой алхам болсон байна.
БНСУ-ын хэрэглэгчид ноолуурын ширхэг, зөөлөн байдал, дулаан хадгалалт, эдэлгээ болон загварыг нягт харьцуулж сонголт хийдгээрээ онцлог. “БНСУ-ын хэрэглэгчид ноолуурыг сайн мэддэг, чанарыг нарийн харьцуулдаг. Тэдний итгэлийг хүлээнэ гэдэг Монголд үйлдвэрлэсэн ноолуур дэлхийн аль ч зах зээлд өрсөлдөх чадвартайг харуулж байна” гэж “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан онцоллоо. Түүний хэлснээр дээрх амжилт нь малчид, үйлдвэрийн ажилтнууд, хэрэглэгчид болон хамтран ажиллагчдын хамтын үр дүн юм. Харин Гадаад худалдаа хариуцсан захирал Г.Анударь хэрэглэгчдийн итгэлийг нэг удаагийн сурталчилгаагаар бус, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ, тууштай ажиллагаагаар бий болгодгийг тодотгосон юм.
“Говь” ХК-ийн брэндийн гол ялгарал нь түүхий эдээ Монголын малчдаас шууд худалдан авахаас эхлээд угаах, самнах, ээрэх, нэхэх, сүлжих, бэлэн бүтээгдэхүүн болгох хүртэлх бүх үе шатыг дотооддоо гүйцэтгэдэг нэгдсэн үйлдвэрлэлд тулгуурладаг. Ингэснээр бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарт шат бүрд хяналт тавьж, ноолуурын байгалийн зөөлөн, хөнгөн атлаа дулаан шинжийг хадгалахын зэрэгцээ олон улирал өмсөхөд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэдэг гэдгийг онцолж буй. Түүнчлэн тус компани Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, ноолууран эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж, нэмүү өртгийг Монголдоо шингээх зорилгод салбарын тэргүүлэгчийн хувьд хувь нэмрээ оруулж байна. Технологийн шинэчлэл, олон улсын стандарт, ажилтнуудын ур чадвар, малчидтай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаа нь энэ зорилгын тулгуур гэдгийг онцоллоо.
2026 онд 45 жилийн ойгоо тэмдэглэж буй “Говь” ХК дээрх шагналыг нэг удаагийн амжилт бус, БНСУ-ын зах зээлд урт хугацаанд байр сууриа бэхжүүлэх эхлэл гэж үзэж байна. БНСУ дахь бизнесийн үйл ажиллагаа нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд ойртуулж, үйлчилгээ болон сонголтыг тухайн зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлэх боломж нээж байгаа бол “Forbes Korea” сэтгүүлийн үнэлгээ нь энэ чиглэлд эхний үр дүн гарсны илрэл болж байна.
Үүнээс гадна “Vogue Germany” сэтгүүл 2026 оны намар, өвлийн улиралд онцолж танилцуулах гурван ноолууран брэндийн нэгээр “Говь” ХК-ийг нэрлэсэн байна.
Цаашлаад Японы нэрт дизайнер Наоки Такизаватай хамтран гаргаж буй “CashmereTech by NAOKI TAKIZAWA” коллекц Японд танилцуулагдахаар байгаа юм.