
Зургийг: Christian Bruna/Bloomberg
(Bloomberg) -- OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн орнууд олборлолтоо сайн дураар танах арга хэмжээний сүүлийн хэсгийг есдүгээр сард цуцалсны дараа өнгөрсөн амралтын өдрүүдэд 12 дугаар сарын квотоо хэвээр үлдээлээ.
Ормузын хоолойгоор дамжих газрын тосны тээвэр нэмэгдэж, Саудын Арабын Улаан тэнгисээр хийсэн экспорт аравдугаар сард эрчимжжээ. Хэдий тийм боловч Персийн булангийн орнуудын хувьд олборлолтын илүү өндөр зорилт биелүүлэх боломж нь хязгаарлагдмал байна. Тухайлбал: III улиралд Саудын Арабын газрын тосны салбарын нийт үйлдвэрлэл 20.4 хувиар буурснаар дотоодын нийт бүтээгдэхүүн нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар агшжээ.
Энэ нь Ираны дайны улмаас II улиралд 4.7 хувиар буурч байснаас сайжирсан үзүүлэлт хэдий ч эдийн засаг нь хоёр улирал дараалан агшсан 2023 оноос хойших анхны тохиолдол болж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагийн завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх эсэхээ шийдэхээс өмнө дипломат арга замд илүү их хугацаа өгөхийг эрмэлзэж байна гэсэн мэдээлэл гарчээ. Ингэснээр брент төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 1.4 хувиар буурч, баррель нь 111 ам.доллар боллоо. Түүнчлэн WTI төрлийн газрын тосны ханш үүнээс ч илүү суларч, баррель 102 ам.доллароор арилжаалагдаж байна.
Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярих үеэрээ дипломат шийдлийг илүүд үзэж байгаагаа тодотгосон гэж “Axios” агентлаг мэдээлжээ.
Үүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио шинэ цохилт хийх эсэх талаар шийдвэр гараагүй бөгөөд Дональд Трамп дипломат шийдлийг эрхэмлэж байгаа гэж мэдэгдэв.
“Goldman Sachs Group” геополитикийн эрсдэл нэмэгдсэнийг харгалзан брент төрлийн газрын тосны үнийн 12 дугаар сарын төсөөллөө баррель нь 105 ам.доллар, ирэх оны дундаж таамгаа 88 ам.доллар болгон өсгөөд байна.