
Зургийг: С.Батсайхан
2026 оны аравдугаар сард дотоодын ААН-үүд 78,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор гэрээ байгуулаад байсан. Гэвч Орос, Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүд цохилтод өртөж, нийлүүлэлт нь буурсан байна. Мөн ОХУ-тай тогтвортой байдлын гэрээ байгуулсан боловч дотооддоо хомсдолтой байгаа тул гэрээний хүрээнд хангалттай хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгааг Аж үйлдвэр эрдэс баялгийн яам онцоллоо.
"Монголын импортлогчид дотоодын зах зээлд худалдаалах шатахууны үнийг тогтоохдоо Санкт Петербургийн Спимекс бирж, Сингапурын биржийг үнийг тус тус үндэслэж байгаа. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сард биржийн үнэ тонн тутамдаа 190 ам.доллараар үнэ өссөн тул дотоодын ААН-үүд жижиглэнгийн үнээ 500-550 төгрөгөөр нэмсэн байна" гэж Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээллээ. Мөн тэрбээр “Бодлого тодорхойлогч яамны хувьд, шатахууны нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгах нь нэн чухал байгаа тул БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улсаас шатахуун худалдан авахаар хэлцэл хийгдэж байгааг” онцоллоо.
Даваа гарагт шатахууны шуурхай штабын хурлаас Монополийн эсрэг газарт хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна. Тухайлбал, нэгдүгээрт: 2026 оны 8,9-р сард импортолсон шатахууны үлдэгдэл хэсгийг 10-р сард үнэ нэмж зарж байгаа эсэхийг тогтоох, хоёрдугаарт: энэ сард орж ирсэн шатахууны үнийг тогтоохдоо аж ахуйн нэгжүүд давуу байдлаа ашиглан үнийг үндэслэлгүйгээр нэмж байгаа эсэхийг хянах үүрэг хүлээсэн байна.
Цаашид оны сүүлийн хоёр сарын хугацаанд нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа тул гуравдагч хөршүүдээс импортлохоор ярьж байгааг салбарын яам мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улс АИ-92 автобензиний 14 хоногийн нөөцтэй, ДТ-ний 31 хоногийн нөөцтэй байна.
Мөн ШТС-уудад нийлүүлж буй газрын тосны аливаа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоон мэдээллийг цаг тухай бүрт нь оруулж, хянахаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар /benzin.mn/ аппликейшн хөгжүүлж байгаа. Ингэснээр энэ 7 хоногийн эцэс гэхэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх 264 станцын нийлүүлэлт, үлдэгдлийн мэдээллийг дээрх аппликейшнээс шууд авах боломжтой болно. Дээрх аппликейшн нь нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн бүх хяналтын камертай холбогдох тул ШТС-уудын ачааллыг замын хөдөлгөөний мэдээллийн хүрээнд авах боломжтой байна.