
Зургийг: Nathan Laine/Bloomberg
(Bloomberg) -- Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг зах зээл улам хумигдаж буйтай холбоотойгоор гишүүн орнуудаа өмнө нь амласан дизель түлшний нийлүүлэлтээ хурдасгахыг уриаллаа. Түүнчлэн шаардлагатай бол нэмэлт түлшийг зах зээлд гаргах хэрэгтэйг онцолсон байна.
Гуравдугаар сард гаргасан хамтарсан шийдвэрийн хүрээнд амласан газрын тосны нөөцөө бүрэн гаргаагүй Засгийн газруудыг боломжтой хэмжээгээр нийлүүлэлтээ эрчимжүүлэхийг тус байгууллагын Гүйцэтгэх захирал Фатих Биролын зүгээс хүсжээ. Тэрбээр ялангуяа дизель түлшийг эн тэргүүнд нийлүүлэх шаардлагатайг тодотгосон байна.
Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг нь нийт 32 гишүүнтэй. Ираны дайны сөрөг нөлөөг бууруулахаар гуравдугаар сард газрын тосны стратегийн нөөцөөс 400 сая баррелийг гаргахаар гишүүн орнууд тохиролцсон юм. Мөн Их-7-ийн бүлгийн орнууд энэ сарын эхээр 100 сая баррель хүртэлх дизель түлш, түүхий нефтийг зах зээлд гаргах тохиролцоонд хүрсэн аж. Хэдий тийм боловч Европын Холбооны орнуудын дийлэнх нь энэхүү тохиролцоог гуравдугаар сард өгсөн амлалтыг хэрэгжүүлэх шийдвэр гэж үзэж буй.
Нийлүүлэлттэй холбоотой нэг эерэг мэдээлэл гарсан нь амралтын өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тохиролцсоны хүрээнд Москва дизель түлшний экспортын хоригоо хэсэгчлэн цуцалсан байна.
Дээрх шийдвэр бямба гарагаас хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөр 500 мянган тонн түлшийг олон улсын зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрчээ. Хэдий тийм боловч үүнийг яг хэзээ экспортлох, цаашид нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.