
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ-ын газрын тосны нийлүүлэлт сүүлийн нэг сар хагасын дээд түвшинд хүрлээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан экспортын үнэ нь мөн 2022 онд Украины дайн эхэлснээс хойших дээд түвшинд ойртсон байна. Тодруулбал: есдүгээр сарын 27-ноор эцэслэсэн дөрвөн долоо хоногийн хугацаанд далайгаар тээвэрлэсэн ОХУ-ын түүхий нефтийн хэмжээ өдрийн 3.71 сая баррель хүрснийг “Bloomberg”-ийн нэгтгэсэн танкерын хөдөлгөөний дата харуулж байна. Энэ нь наймдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Үүнээс гадна ОХУ-ын экспортын гол төрлүүд болох Urals болон Espo төрлийн газрын тосны дөрвөн долоо хоногийн дундаж үнэ сүүлийн гурван сар гаруйн дээд түвшинд хүрлээ. Үүнд энэ сарын эхээр Саудын Арабын гол дамжуулах хоолойн нийлүүлэлт тасалдсан нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч одоо Саудын Араб Ормузын хоолойг тойрдог, дамжуулах хоолойн нийлүүлэлтээ сэргээж байгаагаас олон улсын зах зээлд газрын тосны үнэ тогтворжиж байна.
Мягмар гарагт брент төрлийн газрын тосны үнэ 2.6 хувиар унасныхаа дараа сэргэж, лхагва гарагийн байдлаар баррель нь 103 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 89 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
“JPMorgan”-ийн шинжээчдийн мэдээлснээр Ойрх Дорнодын газрын тосны экспортын 10 өдрийн дундаж хэмжээ өдөрт 17.5 сая баррель хүрсэн нь дайны өмнөх түвшний 98 хувьтай тэнцэх дүн боллоо. Гэхдээ дизель түлш, бензин зэрэг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт өдрийн гурван сая баррель буюу дайны өмнөх түвшний 58 хувьтай тэнцэж байгаа юм.