
Зургийг: Al Drago/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюанийн хамтаар Вашингтон хотын гадна байрлах Эндрюс цэргийн баазын нисэх зурваст газардлаа. Тэднийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар угтан авсан нь Ромын Папын айлчлалуудыг эс тооцвол АНУ-ын Ерөнхийлөгч 1962 оноос хойш гадаад улсын Төрийн тэргүүнийг биечлэн угтсан анхны тохиолдол болж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч тус улсад айлчилж буй гадаад улсын Төрийн тэргүүнүүдийг Цагаан ордонд албан ёсоор угтан авдаг тогтсон уламжлалтай. АНУ-ын геополитикийн гол өрсөлдөгчид энэ хэмжээний хүндэтгэл үзүүлэхийн тулд протоколыг эвдсэн нь ховор тохиолдол болохыг судлаачид онцолж байна.
Ши Жиньпинийг АНУ-д газардсаны дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд энэ удаагийн айлчлал "үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй" байгааг дурджээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент БНХАУ болон АНУ-ын худалдааны тарифыг бууруулах зорилгоор өнгөрсөн онд байгуулсан хэлэлцээрийг 2027 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл сунгасныг зарлалаа.
Дональд Трампын үзүүлсэн хүндэтгэл болон хэлцлийг сунгасан явдал нь Ши Жиньпиний айлчлалыг эерэг уур амьсгалтайгаар эхлүүлж байна. Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт автомашин үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон дилерүүдийн эвсэл БНХАУ-ын автомашинуудыг АНУ-ын зах зээлд оруулахгүй байх шаардлагыг Дональд Трампын засаг захиргаанд хүргүүлсэн аж.
"Mobility Global" судалгааны компанийн тооцоолсноор хязгаарлалтуудыг сулруулбал БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид 2038 он гэхэд АНУ-д жилд 1.7 сая хүртэлх автомашин борлуулах боломжтой бөгөөд энэ нь АНУ-ын авто зах зээлийн 11 хувьтай тэнцэх дүн юм.