logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Дэлхийн өр дээд хэмжээнд хүрсэн тул яаралтай төсвийн арга хэмжээ авах хэрэгтэй
    Jorgelina do Rosario, Romaine Bostick
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 21 10:00
    197

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    Кристалина Георгиева: Үнийн өсөлтийг богино хугацаанд тогтворжино гэж бодохгүй байна

    (Bloomberg) -- Улс орны Засгийн газрууд төсвийн алдагдлыг бууруулж, дээд хэмжээндээ хүрээд байгаа дэлхийн нийт өрийг хязгаарлахад илүү анхаарах ёстойг Олон Улсын Валютын Сан онцоллоо. Тодруулбал: тус сангийн тэргүүн Кристалина Георгиева ням гарагт Нью-Йорк хотноо болсон Катарын Эдийн засгийн форумын үеэр "Засгийн газрууд төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх хэрэгтэйг ойлгож байгаа ч бодитой арга хэмжээ авахгүй байна" гэж мэдэгдсэн байна.

    ОУВС-ийн тооцооллоор АНУ, БНХАУ-ын өсөлтөөс шалтгаалан дэлхий даяарх Засгийн газруудын нийт өр 2029 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 100-аас дээш хувьд төлөвтэй байгаа аж. Өмнөх төсөөллөөр 2031 онд л нийт өр энэ түвшинд хүрнэ гэж таамаглаж байсан юм.

    Үүний зэрэгцээ инфляц өндөр түвшинд хадгалагдаж байгаа тул Төв банкнууд Холбооны Нөөцийн банк болон Европын Төв банкны адилаар бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай байж магадгүй гэж  Кристалина Георгиева үзэж байна.

    ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева

    “Тодорхойгүй байдлын улмаас бид эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөж эсвэл бууруулж байгаа. Таны хэлсэнчлэн бид эрсдэл өндөр хэвээр байгааг харгалзан шинэ төсөөллийг удахгүй танилцуулна. Үүнээс гурван гол эрсдэлийг нь дурдъя л даа. Нэгдүгээрт, инфляц өндөр түвшинд хадгалагдаж байна. Бид үнийн өсөлтийг богино хугацаанд тогтворжино гэж бодохгүй байна. Энэ нь дийлэнх Төв банкнууд мөнгөний бодлогоо хатууруулахаас өөр аргагүй гэсэн үг. Бид Европын Төв банкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээг харлаа. АНУ-ыг ч мөн харсан.

    Цаашид мөнгөний бодлогыг улам чангаруулах шаардлага гарч магадгүй. Үнийн тогтвортой байдлыг хангахаар инфляцтай тэмцэх үед өрийн үйлчилгээний зардал нэмэгддэг. Энэ бол хоёр дахь эрсдэл. Өрийн хэмжээ аль хэдийн өндөр түвшинд хүрсэн. Бодлогын хүү өсөхөд өрийн үйлчилгээний зардал улам бүр нэмэгддэг. Төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх шаардлагатайг бид анхааруулсаар ирсэн. Эрх баригчид нөхцөл байдлыг сайтар ойлгож байгаа ч хангалттай арга хэмжээ авахгүй байна. Гуравдугаарт, бүгд л хиймэл оюуны давуу талын талаар ярьж байна. Гэвч хиймэл оюун өөрөө асар том эрсдэлүүдийг дагуулж байгаа. Би та бүхэнд "Амарагийн хууль"-ийг сануулмаар байна.

    Бид шинэ технологийн богино хугацааны эерэг нөлөөг дандаа хэт өндрөөр үнэлж, урт хугацааны үр дагаврыг нь дутуу үнэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэж үү? Эхэн үедээ эрсдэлүүд тулгарна гэсэн үг. Бидний энэ өндөр хүлээлт биелэхгүй, хиймэл оюун таамагласан шиг үр өгөөжөө өгөхгүй бол санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учирна. Ингэснээр системийн хямрал үүсэх аюултай. Хиймэл оюуны салбарт асар их зээл, санхүүжилт эргэлдэж байна. Энэ нь бидний хамгийн их болгоомжлох ёстой зүйл юм” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих