
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- Хиймэл оюуныг тойрсон маргаанд Билл Гэйтс оролцож, энэхүү хүчирхэг технологийн хүн төрөлхтөнд учруулж болзошгүй хор хөнөөлийг технологийн компаниуд болон зохицуулагчид одооноос нухацтай авч үзэхийг уриаллаа.
Тэрбээр лхагва гарагт хувийн блогтоо нийтэлсэн эссэндээ хиймэл оюуны “санаанд багтамгүй” хурдацтай хөгжил нь “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн тогтворгүй үеүүдийн нэгийг” эхлүүлж байгааг онцолжээ.
“Хиймэл оюуны эринд орох шилжилтийг зөөлрүүлэх ямар ч төлөвлөгөө алга” хэмээн бичсэн байна.
Ингээд Гэйтсийн эссэнээс онцлох таван өнцгийг хүргэж байна.
1. Хиймэл оюун Засгийн газруудын хариу арга хэмжээ авах хурдаас түрүүлж байна
Хиймэл оюун өмнөх технологийн хувьсгалуудтай харьцуулахын аргагүй хурдаар хөгжиж, хэрэглээнд нэвтэрч байгааг Билл Гэйтс онцолжээ. Хувийн компьютер ажлын орчныг мэдэгдэхүйц өөрчлөхөд 20 орчим жил шаардагдсан нь сүүлийн жишээ аж. Учир нь компаниудад шинэ техник, программ хангамж хэрэгтэй болж, компьютерийн үнэ буурах, ажилтнууд шинэ технологи ашиглаж сурах зэрэгт нэлээн хугацаа орсон байна.
Харин хиймэл оюунд ийм саад хамаагүй цөөн тулгарч байгаа гэж үзжээ. Хиймэл оюуны технологи хүмүүсийн хэдийн ашиглаж дассан төхөөрөмжүүд дээр ажиллаж, ердийн хэлээр харилцахаас гадна хүний ашигладаг сургалтын материал, мэдээллээс суралцах боломжтой.
“Бид түүнд дасан зохицох шаардлагагүй. Учир нь тэр бидэнд дасан зохицож чадна” хэмээн Билл Гэйтс бичжээ.
Олон улсын хэмжээнд хиймэл оюуны ахицыг удаашруулах аливаа хүчин чармайлтыг тэрбээр дэмжихээ илэрхийлсэн ч геополитикийн өрсөлдөөн, эдийн засгийн үр ашгаас шалтгаалж улсууд өөр хоорондоо хиймэл оюуны хөгжлөөр уралдахаас өөр замгүй болж байгааг онцолсон байна. Үр дагаварт нь хиймэл оюуны хөгжлийн хурд эрх баригчдын зохицуулалтын хурдыг хол ардаа орхижээ.
Иймд хиймэл оюунаас үүдэж болох хямралууд илэрхий болохыг заавал хүлээлгүйгээр улс орнууд шаардлагатай институц бүрдүүлж, төрийн байгууллагуудын уялдааг хангаж, олон улс даяар мөрдөх нийтлэг хэм хэмжээг одооноос тогтоож эхлэх шаардлагатай гэж бичсэн байна.
2. Хиймэл оюун ажиллах хүчийг бүрмөсөн багасгаж болзошгүй
Хиймэл оюуны хөдөлмөрийн зах зээлд учруулах эрсдэл нь эдийн засгийн уналт болон хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн өмнөх технологиудаас ялгаатай гэж Билл Гэйтс үзжээ. Хиймэл оюун хүний оюуны хөдөлмөрийг өөрөө гүйцэтгэх чадвартай учир үгүй болсон ажлын байр дахин бий болохгүй байх эрсдэлтэйг тэрбээр анхааруулсан байна.
Ялангуяа доогуур болон дунд түвшний албан тушаалууд хамгийн эмзэг байгааг онцолжээ. Эхний жилүүдэд борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ, программ хангамжийн инженерчлэл, хуульчийн туслах зэрэг ажлын байр үүнд өртөж болзошгүй аж. Цаашлаад хиймэл оюун зээлийн үнэлгээ хийх, мэдээлэл боловсруулах, өвчтөний тусламж үйлчилгээний яаралтай байдлыг тогтоох хүртэл олон төрлийн ажлыг гүйцэтгэх боломжтой гэж тэрбээр бичсэн байна.
Хиймэл оюунт системүүд хүний хяналтгүйгээр бие даан ажиллах түвшинд хүрмэгц компаниуд хүнийг үйл ажиллагааны явцаас бүрэн хасах санхүүгийн хүчтэй хөшүүрэгтэй болно. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд үүсэх өөрчлөлт өргөн хүрээг хамрахаас нь өмнө бодлого боловсруулагчид арга хэмжээ авах шаардлагатай гэж Билл Гэйтс үзжээ.
“Хүмүүс ажлын байраа хэдийн алдсан эсвэл бүрэн бус хөдөлмөр эрхэлдэг болсны дараа арга хэмжээ авах нь хэтэрхий оройтсон хэрэг болно” гэж тэрбээр анхааруулсан байна.
3. Хиймэл оюун хорон санаатнуудын хүчирхэг зэвсэг болно
Хиймэл оюун хакеруудын ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ бараг хэнд ч цахим халдлага үйлдэх хэрэгсэл нь болж болохыг Гейтс анхааруулжээ. Өөрөөр хэлбэл хиймэл оюун техникийн өндөр мэдлэггүй хүмүүст вирус, хортой программ бүтээх дөт зам нээж байна.
Ингэснээр харьцангуй бага ур чадвартай гэмт этгээдүүд иргэд, компани, Төрийн байгууллагыг онилох чадамжтай болж болзошгүй. Мөн хиймэл оюунд суурилсан залилан, deepfake, худал мэдээлэл, тандалт өдөр тутмын амьдралд улам түгээмэл болно гэж тэрбээр үзжээ.
Үүний зэрэгцээ робот зэвсэг, олон нийтийн хяналт, нийгмийн үзэл санаанд нөлөөлөх ажиллагааг хямд бөгөөд үр дүнтэй болгосноор эрх мэдэлтэй байгууллагуудын нөлөөг улам бэхжүүлэх эрсдэлтэй гэжээ. Харин урт хугацаанд хүчирхэг хиймэл оюуны системүүд бүтээгчдийнхээ зорилгоос гажсан үйлдэл гаргаж, улмаар хүн төрөлхтөн хяналтыг нь алдах эрсдэл үүсэж болзошгүй гэжээ.
4. Хиймэл оюун хүүхэд нас, хүмүүсийн харилцааг өөрчилнө
Хиймэл оюунт виртуал туслах нь хүмүүсийн нийгмийн ур чадварыг хөгжүүлдэг харилцан ойлголцох, санал зөрөлдөх, буулт хийх үйл явцыг үгүй хийснээр хүн хоорондын харилцааг сулруулж болзошгүй гэж Билл Гэйтс үзсэн байна.
Хиймэл оюун ямагт хэрэглэгчийг сонсож, ярьсантай нь санал нийлж, сонирхол болон хэрэгцээнд нь тохируулан харилцах боломжтой. Үүнээс хэт хамаарал үүсгэж, хүмүүсийг бодит харилцаанаас зайлсхийхэд хүргэж болзошгүй гэж тэрбээр анхааруулсан байна.
Ялангуяа хүүхдүүдэд үзүүлэх нөлөө нь Билл Гэйтсийн санааг чилээжээ. Тэрбээр хүүхдийн үзэл бодолтой хэзээ ч зөрчилддөггүй хиймэл оюунт туслахыг “битүү хүлэмж”-тэй зүйрлэж, энэ нь хүүхдэд бэрхшээлийг даван туулах чадвар суух болон нийгмийн хөгжлийг сааруулж болзошгүй гэж үзжээ.
5. Зохицуулагчид ажлын байрыг автоматжуулалтаас хамгаалах ёстой
Хиймэл оюун хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг сааруулах бодлого боловсруулах шаардлагатай болохыг тэрбээр тодотгосон байна. Түүний дэвшүүлсэн “Зөвхөн хүнд зориулсан” буюу “Human Reserved” үзэл баримтлалын дагуу хиймэл оюун гүйцэтгэх чадвартай байсан ч тодорхой ажил, үүргийг автоматжуулалтаас хамгаалж, хүний оролцоог хэвээр үлдээх явдал юм.
Билл Гэйтс мөн хиймэл оюуны токены хэрэглээ болон роботод татвар ногдуулах саналаа дахин дэвшүүлжээ. Өнөөгийн татварын тогтолцоо нь компаниудад ажилтнуудаа машин, системээр орлуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэж үзсэн байна.
Ийм төрлийн татвар нь автоматжуулалтын хурдыг тодорхой хэмжээнд сааруулахын зэрэгцээ ажилтнуудыг давтан сургах болон нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх санхүүжилт бүрдүүлж болно гэж Билл Гэйтс бичжээ.