logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Малын тоо толгой нэмэгдэх нь бэлчээрийн хязгаарлагдмал даацтай зөрчилдөж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 27 10:15
    230
    Бэлчээрийн даац хоёр дахин нэмэгдэхэд дараа жилийн малын тоо толгойн өсөлт 2.67 хувиар буурдаг

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар танилцуулсан "Монгол Улсын бэлчээрийн даац хэтрэлт, түүний бэлчээрийн гарцад үзүүлэх нөлөө” судалгаагаар малын тоо толгойг нэмэгдүүлэх нь бэлчээрийн хязгаарлагдмал даацтай зөрчилдөж, үржил шим, нөхөн сэргэлт буурч байгааг онцоллоо.

    2012 онд улсын хэмжээнд 40.9 сая толгой мал тоологдож байсан бол 2025 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон энэ нь 42 хувь орчмоор өссөн үзүүлэлт болж байна. Тухайн онд бэлчээр ашиглалтын хувь хамгийн бага байсан бол хурдацтай нэмэгдсээр 2015 оноос хойш бэлчээрийн хэтрэлттэй болсныг судалгаанд онцолжээ.

    Малын тоо толгой олон аймаг, суманд бэлчээрийн даацаас давсан төлөвтэй байгааг судалгаанд мөн тодотгосон байна. Тухайлбал: Архангай, Увс болон Баян-Өлгий аймгийн дийлэнх суманд  1-3 дахин, Өмнөговь аймгийн дийлэнх сумдад бэлчээрийн даац олон дахин хэтэрснийг дурджээ.

    Энэ нь бэлчээрийн нөхөн сэргэлт, малын өсөлтөд сөргөөр нөлөөлж, дараа жилийн гарц болон малын өсөлтийг бууруулж байна гэж үзэж байна. Тодруулбал: бэлчээрийн даац хоёр дахин нэмэгдэхэд дараа жилийн малын тоо толгойн өсөлт 2.67 хувиар буурдаг болохыг эдийн засаг, экологийн зарим судалгаа, тооцоонд харуулж буй.

    Тиймээс малын тоог бэлчээрийн даацад тохируулах, чанарт суурилсан мал аж ахуй хөгжүүлэх шаардлагатайг холбогдох байгууллагууд зөвлөж байна. Мөн даац хэтэрсэн сумдад бэлчээрийн ашиглалтын ачааллыг үе шаттай бууруулах хэрэгтэйг тайланд онцолжээ.

    COP17 бага хурлаар Азийн Хөгжлийн Банк цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн хоёр тэрбум ам.долларын санаачилга зарласан юм.

    Cэтгэгдэл бичих