
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Энэ оны сүүлийн хагас эхэлсэнтэй зэрэгцэн БНХАУ-ын эдийн засгийн удаашрал улам гүнзгийрлээ. Энэ нь БНХАУ-ын технологийн салбар дэлхийн хиймэл оюуны тэсрэлтээс хамааралгүй бусад салбарын уналтыг нөхөж чадаагүйтэй холбоотой аж. Долоодугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөн ч сарын дүнгээр сүүлийн гурван сард анх удаа саарсан байна.
Энэ нь сүүлийн гурван сард үйлдвэрлэлийн өсөлт анх удаа саарсан тохиолдол болоод зогсохгүй шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч цахилгаан төхөөрөмжийн үйлдвэрлэл 19 хувиар өсөн бол аж үйлдвэрийн зориулалттай роботын үйлдвэрлэл долоодугаар сард 30 гаруй хувиар нэмэгджээ.
Оны эхний долоон сард БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт шинжээчдийн таамагласнаас өндөр дүнгээр буюу 6.7 хувиар агшсан байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар буурчээ. Гэхдээ хиймэл оюуны салбарын эрчимжилтийн ачаар компьютер, харилцаа холбоо, бусад цахилгаан төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт 7.8 хувиар өссөн дүр зурагтай байна. Тайлант хугацаанд жижиглэн худалдааны салбарын борлуулалтын өсөлт удааширч, 0.6 хувь болжээ.
Үүнээс гадна судалгаанд хамрагдсан хот, суурин газруудын ажилгүйдлийн түвшинд 5.2 хувьд хүрчээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс харвал долоодугаар сард БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.1 хувь орчим болж удааширсан гэж “BNP Paribas”-ийн Ахлах эдийн засагч тооцоолсон байна. Энэ нь БНХАУ эдийн засгийн зорилтдоо хүрэхэд шаардлагатай өсөлт болох 4.3 хувиас доогуур үзүүлэлт юм.
Дээрх үзүүлэлтүүд гарахын өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Циан өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхийг албан тушаалтнуудад хандан уриалжээ.
“Бүх хүчин чармайлтаа хөгжлийн зорилтуудад чиглүүлж, одоо хэрэгжүүлж буй бодлогуудын үр ашгийг бүрэн гаргахын зэрэгцээ үр дүнтэй нэмэлт арга хэмжээг цаг алдалгүй боловсруулах ёстой” хэмээн тэрбээр Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр хэлжээ.