
Зургийг: John Taggart/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон хэрэглээний үнийн суурь индекс долоодугаар сард өмнөх сараас 0.2 хувиар өслөө. Инфляц ийнхүү доогуур түвшинд хадгалагдсан нь Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг өсгөх дарамтыг бууруулж байна.
Долоодугаар сард хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон хэрэглээний үнийн суурь индекс өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар өссөнийг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо тайлагнав. Энэ нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болж байна.
Харин ерөнхий хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өсжээ. Сүүлийн статистик нь долоодугаар сард Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын сөрөг нөлөөлөл арилж буйг харуулж байна. Тухайлбал: АНУ-д эрчим хүч, шатахууны үнэ хоёр дахь сардаа дараалан буурчээ.
Энэ нь Холбооны Нөөцийн банканд есдүгээр сарын мөнгөний бодлогын хурлаараа инфляцын дарамтаас гадна шинээр нэмэгдэх ажлын байрны өсөлт удааширсныг харгалзан үзэх орон зай олгож байна.
Инфляцын статистиктай зэрэгцэн АНУ-ын Сангийн яамнаас долоодугаар сард Холбооны засаг захиргааны зарцуулалт нэмэгдсэнээр төсвийн алдагдал 432 тэрбум ам.доллар хүрснийг мэдээлсэн юм. Энэ нь АНУ-ын Засгийн газрын зээлийн хэрэгцээ нэмэгдэж буйн илрэл болж байна.
2026 оны санхүүгийн жил эцэслэгдэхэд хоёр сар дутуу байгаа энэ үед нийт төсвийн алдагдал нь 1.8 их наяд ам.доллар хүрээд буйг АНУ-ын Сангийн яам онцолжээ.