
Зургийг: С.Батсайхан
Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсад хийсэн зөвлөлдөх хэлэлцүүлгээ эцэслэж, бодлогын зөвлөмж бүхий тайлангаа нийтэллээ. Тайланд дэлхийн зах зээлийн тодорхойгүй байдал, эрчим хүчний үнийн өсөлтөөс үл хамааран Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд тогтвортой хадгалагдах төлөвтэйг тодотгожээ.
2026 он гарсаар дөрөвдүгээр сар хүртэл уул уурхайн салбарын идэвхжилтийн ачаар эдийн засаг өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар тэлсэн ч уул уурхайн бус салбарын өсөлт сул хэвээр байгааг Олон Улсын Валютын Сан онцолсон байна. Түүнчлэн хэдэн сар тогтворжсоны эцэст гуравдугаар сараас хойш мах, эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас инфляц эрчимжиж, зургаадугаар сар 12 хувьд хүрснийг дурджээ.
Мөн энэ онд хөдөө аж ахуйн салбарын суурь нөлөө арилснаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2025 оны өндөр түвшнээс бага зэрэг саарах төлөвтэйг тодотгосон байна. Тодруулбал: 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5.8 хувиар, 2027 онд 5.6 хувиар тэлнэ гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч уул уурхайн салбарын идэвхжил нь уул уурхайн бус салбарын сул өсөлтийг нөхөж, төлбөрийн тэнцлийг цаашид сайжруулахад тусална гэж үзэж буй.
Түүнчлэн хүнс, шатахууны үнэ өндөр түвшинд байгаагаас инфляц оны эцэст 10 орчим хувьд хадгалагдаж, цаашид аажмаар саарна гэж таамаглаж байна. Эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй гол эрсдэлийг 2027, 2028 онд болох сонгуулиудын өмнөх нийгмийн болон популист шахалтын улмаас дотоод бодлогын сахилга бат алдагдах гэж тодорхойлжээ. Мөн Монгол Улс дэлхийн таваарын зах зээл, гадаад эрэлтээс ихээхэн хамааралтай байгаа нь эрсдэл дагуулж буйг тайланд онцоллоо.
Ялангуяа уул уурхайн бус салбарын татварыг улам бууруулах, цалин, тэтгэвэр зэрэг урсгал зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой улс төрийн шахалтыг харгалзан үзвэл төсвийн сахилга бат алдагдаж, өрийн хэмжээ нэмэгдэх нь гадаад санхүүжилтийн нөхцөлийг доройтуулж болзошгүйг Олон Улсын Валютын Сан анхааруулсан юм.