
Зургийг: Mark Felix/Bloomberg
(Bloomberg) -- Иран болон Оманы эрх баригчид Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн маршрутын талаар тохиролцоонд хүрснээ мэдээллээ. Энэ нь эрчим хүчний нийлүүлэлтэд чухал ач холбогдолтой усан замыг нээх боломжит алхамд тооцогдож байна.
Хамтарсан мэдэгдэл боловсруулах ажил эцсийн шатандаа орсныг Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч тодотгожээ. Түүнчлэн Иран-Оманы хэлэлцээ ахицтай байгаа тул тодорхой гуравдагч этгээдүүд саад учруулахгүй тохиолдолд гэрээ байгуулах боломжтойг онцолсон байна.
Дээрх мэдээлэлд Цагаан ордон хариу өгөхөөс татгалзсан ч Дональд Трамп сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр АНУ Техрантай хэлэлцээ хийж буйг дурдаад цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглахаа мэдэгджээ.
Үүнээс гадна Иран улс Омантай Ормузын хоолойн тээврийн маршрутын талаар тохиролцоонд хүрснээ мэдээлснээр газрын тосны үнэ үргэлжлэн унаад байна.
Энэ долоо хоногийн эхний гурван өдрийн арилжаагаар 11 хувиар унасны дараа брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 0.3 хувиар суларч, баррель нь 79 ам.долларт тогтворжлоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.5 хувиар буурч, баррель нь 74 ам.долларт хадгалагдаж байна.
Хэрэв АНУ Ирантай хэлэлцээрт хүрвэл газрын тосны баррелийн үнэ 70 ам.доллар хүртэл буурах боломжтой гэж “Tortoise Capital”-ийн шинжээчид тооцоолжээ. Хэдий тийм боловч Ираны дэмжлэгтэй Йемен дэх Хути зэвсэгт бүлэглэл Саудын Арабын тээвэрлэгч хөлөг онгоцнууд руу халдаж буй нь Ойрх Дорнодод нийлүүлэлтийн эрсдэл өндөр хэвээр байгаагийн илрэл болж байна.