
Зургийг: thehuofficial.com
Монголын язгуур урлагийг рок хөгжимтэй хослуулж, "Хүннү рок" урсгалын түүчээлэгчид болсон "The HU" хамтлаг энэ онд 10 жилийн ойгоо карьерынхаа хамгийн том тоглолтоор тэмдэглэх гэж байна.
Наймдугаар сарын наймны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “WOLF TOTEM | World Premiere” тоглолтоор “The HU" хамтлаг гурав дахь студийн цомог “HUN”-аа танилцуулж, дэлхийг тойрсон шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн уран бүтээлчдийн онцолсноор энэ нь зөвхөн ойн тоглолт бус, дэлхийд Монголын нэрийг дуурьсгасан хамтлагийн дараагийн 10 жилийн эхлэл, дэлхийг тойрох аялан тоглолтынх нь гараа байх юм.
2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсанаас өдийг хүртэл "The HU" дэлхий даяар 440 гаруй удаагийн тоглолт хийж, дуунууд нь стриминг платформуудад 900 сая шахам удаа тоглогдож, Монголоор тогтохгүй Азийн шилдэг уран бүтээлчдийн дунд ховорхон тохиох бахдам амжилтын эзэд болоод байна. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн нэртэй фестивалиуд, олон зуун тайзан дээр тоглож, үнэнч фенүүдийн хүрээллийг бүрдүүлсэн арвин туршлагаа "The HU" хамтлаг энэ удаа эх орондоо толилуулах нь.
“WOLF TOTEM | World Premiere” тоглолтоор хамтлаг өнгөрсөн 10 жилийн хит бүтээлүүдээ шинэ цомгийн дуунуудтай хамт хүргэхээс гадна дуугаралт, гэрэлтүүлэг, тайзны найруулга, дүрслэл болон үзүүлбэрийн хувьд олон улсын хэмжээний цогц шоу болохыг онцолж байна.
“The HU”-ийн гурав дахь студийн цомог “HUN” нь Монголын түүх, соёлын дархлаа, өвөг дээдсийн ухаан, хүний дотоод хүч, эр зориг, тэсвэр хатуужил болон байгальтайгаа зохицон амьдрах үзлийг гол сэдвээ болгожээ. Хамтлагийнхан “HUN”-ийг өнөөг хүртэлх хамгийн боловсорсон, өргөн цар хүрээтэй бүтээл хэмээн тодорхойлж байна. Шинэ цомогт “The HU”-ийн танигдсан хүчирхэг хэмнэл, язгуур урлагийн шийдэл хадгалагдах боловч дуугаралт, өгүүлэмж, хөгжмийн найруулгын хувьд “Хүннү рок”-ийн хүрээг улам тэлжээ.