
Зургийг: Adam Gray/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceX” шинжээчдийн хүлээлтийг давсан хиймэл оюуны бизнесийн зарцуулалтаа тайлагнаснаар хувьцааны ханш нь уналаа. Тодруулбал: тус компани II улиралд хөрөнгийн зарцуулалт нь 18.4 тэрбум ам.доллар хүрснийг мэдээлсний дараа мягмар гарагийн арилжаагаар хувьцааны ханш нь 8.8 хувиар буурсан байна.
“SpaceX” бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO хийсний дараа хувьцааны ханш нь хэдхэн долоо хоногийн дараагаас унаж эхэлсэн юм. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь оргил үеэсээ нэг их наяд ам.доллароор агшаад буй. Сүүлийн байдлаар үнэлгээ нь 1.6 их наяд ам.доллароор хэмжигдэж байна. Энэ нь Илон Маскийн “Tesla” компанийнхаас хавьгүй өндөр дүн юм.
Өнгөрсөн улиралд “SpaceX” компани 7.8 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаа тайлагнасан нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамаг болох 6.8 тэрбум ам.доллароос харьцангуй сайн үзүүлэлт болж байна.
Тайлант хугацаанд “SpaceX”-ийн цорын ганц ашигтай ажиллаж буй бизнес болох “Starlink” хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээний хэрэглэгчийн тоо 12 сая хүрчээ. Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн таамгаас 200 мянга орчмоор бага тоо аж.
II улиралд “SpaceX”-ийн хиймэл оюуны бизнес 1.26 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласнаа мөн мэдээлэв. III-IV улиралд хиймэл оюуны хөрөнгө оруулалт нь II улиралтай адил түвшинд байхыг компани тайландаа дурджээ.