
Зургийг: Bloomberg
Цахилгаан автомашины цэнэг хураагуурын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч “Contemporary Amperex Technology” компани Монгол Улсад батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр болсныг Засгийн газар мэдээллээ.
БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал CATL компанийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар талууд Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хуримтлуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Энэ хүрээнд эхний ээлжид Төв аймгийн Сэргэлэн суманд CATL компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт болон технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэхийг онцолжээ.
Хүйтнийг тэсвэрлэх шийдэл олжээ
2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажилласан CATL нь лити-ион батарейн зах зээлийн 39.2 хувийг дангаараа бүрдүүлдэг. Сүүлд тус компани -20-иос -30 хэмийн хүйтэнд ажиллах чадалтай натри-ион цэнэг хураагуурын үйлдвэрлэл эхлүүлж, энэ онд багтаан автомашинуудад нэвтрүүлэхээ зарласан юм.
Уламжлалт лити бус натрийг гол түүхий эд болгон ашиглах тус цэнэг хураагуурыг компани өнгөрсөн дөрөвдүгээр сард анх танилцуулсан бөгөөд энергийн нягтаршлыг нь 50 хувиар нэмэгдүүлсэн тул лити-ион батарейтай өрсөлдөх түвшинд хүрснийг онцолж байлаа. Натри-ион батарейг энэ онд 10-20 мянган цахилгаан автомашинд ашиглах төлөвлөгөөтэйг CATL-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Ни Жунь лхагва гарагт “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүнээс гадна тус компани энэ долоо хоногт мөн натрийн батарейд суурилсан эрчим хүч хуримтлуурын системээ танилцуулсан бөгөөд тус системийг БНХАУ-д ирэх есдүгээр сараас, дэлхийн зах зээлд 2027 оны зургаадугаар сараас нийлүүлж эхлэхээр төлөвлөснөө мэдээлсэн байна. TENER нэртэй систем нь илүү урт ашиглалтын хугацаатай, хэт халуун болон хүйтэн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай байхаар бүтээгджээ.