
Зургийг: Alessia Pierdomenico/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын алтны импорт тавдугаар сард сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрснийг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь дэлхийн тэргүүлэх алт худалдан авагч улсын эрэлт үнэт металлын үнийн дарамтаас үл хамааран тогтвортой байгааг харуулж байна.
Өнгөрсөн сард БНХАУ 163 тонн алт импортолсон нь 2024 оны гуравдугаар сараас хойших дээд үзүүлэлт болжээ. Түүнчлэн оны эхний таван сарын нийт импортын дүн 692 тонн хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 76 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Ойрх Дорнодын дайны нөлөөгөөр дэлхий даяар инфляц эрчимжсэнээр алтны үнэ нэгдүгээр сард тогтоосон түүхэн дээд түвшнээсээ 25 орчим хувиар буураад буй. БНХАУ-ын зах зээлийн хүчтэй эрэлт нь түүхэн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байсан юм.
АНУ болон иИраны энхийн хэлэлцээнд ахиц гарснаар алтны үнэ даваа гарагт бараг нэг хувиар өслөө. Сүүлийн байдлаар спот ханш бараг өөрчлөлтгүй, унц нь 4188 ам.долларт хадгалагдаж байна.
Үүнээс гадна Хонконг Азийн алтны арилжааны зангилаа төв болох зорилтдоо хүрэхээр долоодугаар сараас клирингийн систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд Хонконгийн 11 банк алтан гулдмай их хэмжээгээр импортолж эхэлжээ.
Арилжаачид клирингийн систем нэвтрүүлэх банкнуудаас 400 унц хэмжээтэй алтан гулдмайнуудын захиалга хүлээн авч байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна. Ийм жинтэй гулдмайнуудыг ихэвчлэн дэлхийн хамгийн том алтны арилжааны зангилаа болох Лондоны банкнууд арилждаг аж.