
Зургийг: Graeme Sloan/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын газрын тосны стратегийн нөөц 340 сая баррель болж, 1983 оноос хойших доод түвшинд хүрснийг Эрчим хүчний яамных нь дата харуулж байна.
Дональд Трампын засаг захиргаа Ираны дайнаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлтийг хазаарлахын тулд нөөцөөс 172 сая баррель газрын тос зах зээлд гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусгах шатандаа ороод байгаа аж. Гуравдугаар сард зарласан энэхүү төлөвлөгөө бүрэн хэрэгжвэл стратегийн нөөцөд 243 сая баррель газрын тос үлдэх юм.
Стратегийн нөөцийн дэд бүтцийг хэвийн ажиллуулахын тулд хамгийн багадаа 150-200 сая баррелийн үлдэгдэлтэй байх шаардлагатайг "Gasbuddy"-ийн Газрын тосны зах зээлийн шинжээч мэдээллээ.
Ийнхүү стратегийн нөөц зөвшөөрөгдөх хамгийн доод түвшиндээ дөхвөл АНУ-ын ирээдүйд үүсэж болзошгүй нийлүүлэлтийн тасалдал, хямралд уян хатан хариу арга хэмжээ авах боломж хязгаарлагдах юм.
Үүнээс гадна дайны улмаас БНХАУ-ын газрын тосны импорт сүүлийн найман жилийн доод түвшинд хүрсэнтэй зэрэгцэн тус улсын Төрийн өмчит боловсруулах үйлдвэрүүд нь гарцаа танаж байна.
Тавдугаар сард боловсруулсан газрын тосны хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурч, 53.72 сая тонн хүрсэн нь 2022 оны наймдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
Ормузын хоолойн хөдөлгөөн дахин нээгдэхээр байгаа энэ үед зах зээлд оролцогчдын хувьд хамгийн гол асуулт нь БНХАУ-ын бензин, дизель түлшний эрэлт хэрэгцээ эргэн хэвийн хэмжээнд хүрэх эсэх болоод байна.