
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайн эрчим хүчний үнийг хөөрөгдсөнөөр тавдугаар сард АНУ-ын инфляц сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч, цалингийн өсөлтийг давлаа.
Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн байна. Энэ нь 2023 оны эхэн үеэс хойших дээд үзүүлэлт болж буй. Хэдий тийм боловч хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн нь шинжээчдийн таамгаас доогуур байна.
Тавдугаар сард хэрэглээний үнийн өсөлтийн 50-иас дээш хувийг эрчим хүчний өртөг бүрдүүлжээ. Харин тээврийн үйлчилгээ, эрүүл мэндийн даатгал, шинэ автомашины үнэ буурсан байна.
Үхрийн мах, улаан лооль, бяслагийн үнэ буурснаар хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ердөө 0.1 хувиар өсжээ. Харин шатахууны үнэ долоон хувиар өссөнөөр индексэд гол жин дарж байна.
Инфляц эрчимжсэнтэй зэрэгцэн АНУ-д цагийн дундаж цалин өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурсан нь сүүлийн гурван жилийн хамгийн огцом уналт боллоо.
Ойрх Дорнодын мөргөлдөөн ойрын хугацаанд эцэслэгдсэн ч бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжилнэ гэж эдийн засагчид үзэж буй. Энэ нь Холбооны Нөөцийн банкийг энэ онд бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж болзошгүй юм.
АНУ-ын Төв банк зургаадугаар сарын 16-17-нд болох ээлжит хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэж “Bloomberg Economics”-ийн шинжээчид үзэж байгаа аж. Хэдий тийм боловч оны эцсээр инфляцыг тогтворжуулахын тулд мөнгөний бодлогыг хатууруулах хүлээлттэй байна.