
Зургийг: Angel Garcia/Bloomberg
(Bloomberg) -- Израил болон Ливан гал зогсоохоор тохиролцсоноор гурван өдөр дараалан өсөөд байсан газрын тосны ханш уналаа.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.8 хувиар буурч, баррель нь 97 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.6 хувиар суларч, баррель нь 95 ам.доллар орчимд тогтворжжээ.
Ираны дайны нөлөөгөөр шатахууны үнэ өссөн ч тавдугаар сард ОХУ-ын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ олгосон төлбөр сүүлийн хоёр жил гаруйн дээд түвшинд хүрч, төсвийн орлогыг нь бууруулаад байгаа юм.
Өнгөрсөн сард газрын тос боловсруулагчдад 204.3 тэрбум рубль төлснийг ОХУ-ын Сангийн яам тайлагнасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өссөн үзүүлэлт юм.
Энэхүү төлбөр нь дотоод болон гадаадын зах зээл дэх түлшний үнийн зөрүүг газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хэсэгчлэн нөхөн олгодог. Ойрх Дорнодын дайн үнийг хөөрөгдсөн нь уг төлбөр эрс нэмэгдэхэд нөлөөлжээ.
Тавдугаар сард ОХУ-ын газрын тос, байгалийн хийн олборлолт, борлуулалтаас төвлөрүүлсэн төсвийн цэвэр орлого өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсөж, 678.9 тэрбум рубль хүрснийг Сангийн яам нь мэдээлсэн байна. Хэдий тийм боловч сарын дүнгээр авч үзвэл орлого нь 20 хувиар буурсныг "Bloomberg"-ийн тооцоолол харуулж байна.