
Зургийг: Э.Тэнгис
“Төрийн банк” ХК олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бонд гаргаснаа мэдээллээ. Тус бондын өгөөж 8.5 хувь, купон 8.9 хувьтай байна.
Нэмэлтээр гаргасан 100 сая ам.долларын бонд нь 2025 оны есдүгээр сард гаргасан 200 сая ам.долларын бонд дээр нэгтгэгдэж, нийт 300 сая ам.долларын дүнтэй болж буйг онцоллоо.
Хэлцлийн үр дүнд эх үүсвэрийн өртгийг бууруулж, шинэ эх үүсвэрээр тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа өргөжүүлэх боломж Төрийн банканд олгоно гэж үзэж байна.
Татан төвлөрүүлсэн 100 сая ам.долларыг дотоодын ногоон Таксономи болон банкны тогтвортой санхүүжилтийн хүрээнд тодорхойлсон ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бүрэн зориулахаа мэдээлэв.
“Төрийн банк” ХК-ийн хувьцааны ханш даваа гарагт 0.83 хувиар өсөж, 448 төгрөгт хаалаа. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 338.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
“Төрийн банк” ХК-ийн тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багц 2025 оны эцсийн байдлаар 8,814 зээлдэгчийн 384.6 тэрбум төгрөг, үүнээс 2288 зээлдэгчийн 116.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн багцын үлдэгдэлтэй байна.
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлагдсан “Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг”-т 2030 он гэхэд арилжааны банкнууд нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгох зорилтыг тусгасан юм. Энэ хүрээнд “Төрийн банк” нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгох зорилтыг дунд хугацааны стратеги төлөвлөгөөндөө тусгаад байна. Үүний үр дүнд ногоон зээлийн багц 2025 оны эцсээр 116.93 тэрбум төгрөг хүрч, өмнөх жилээс 118.15 хувиар өссөн үзүүлэлттэй байна.