
Зургийг: С.Батсайхан
Монгол Улс оны эхний дөрвөн сард 3.6 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Нийт үнийн дүнгийн 23.8 хувь буюу 872.2 сая ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн худалдан авсан бол 8.3 хувийг суудлын автомашин, 3.8 хувийг ачааны автомашины импорт эзэлсэн байна.
Оны эхний дөрвөн сарын байдлаар 380 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар өсжээ. Мөн 657.7 мянган тонн дизель түлш худалдан авсан нь 9.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
ОХУ-аас дизель түлшийг энэ он дуустал дотоодын зах зээлийнх нь буюу хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон бөгөөд ингэснээр гэрээ, хэлэлцээрийн дагуу АИ-92 болон дизель түлшний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг салбарын сайд мэдээлж байв.
Импортод гол жин дардаг суудлын автомашины импорт тогтмол буурч байгаа аж. I-IV сард нийт 25,800 гаруй суудлын автомашин импортолсон нь 2024 болон 2025 оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ ачааны автомашины импорт өмнөх хоёр жилээс 30-35 орчим хувиар буурчээ.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс улаанбуудайн импорт өмнөх оны мөн үеэс 33 дахин нэмэгдэж, 78.4 мянган тонн хүрсэн байна. Өнгөрсөн онд тариалангийн бүс нутгуудад гантай байсны улмаас ургац хураалт буурч, дотоодын хэрэглээнд 100 мянга орчим тонн улаанбуудай импортоор авах шаардлагатайг ХХААХҮЯ мэдээлж байсан юм.
Үүнээс гадна цагаан будааны импорт сүүлийн гурван жил өндөр дүнгээр нэмэгдэж байна. Мөн хүнсний ногоо, самар жимс, тахиа болон гахайн махны импорт 10-30 гаруй хувиар өсжээ.
Харин өндөгний импорт өмнөх оны мөн үеэс 30 хувиар, улаанбуудайн гурилын импорт 9.6 хувиар тус тус буурсан дүнтэй байгааг статистик мэдээлэл харуулж байна.