
Зургийг: Bloomberg
Геополитик ойрын хугацаанд Азийн хөрөнгийн зах зээлийн тодорхойгүй байдалд нөлөөлөх гол хүчин зүйл хэвээр байхыг “Morningstar” хөрөнгө оруулалтын судалгааны компани мэдээллээ.
Түүнчлэн Азийн хөрөнгийн зах зээлийн II улирлын төлөвийн тайландаа Ираны дайн ерөнхийдөө шийдэгдэж, эдийн засгийн өсөлт болон эрсдэлтэй хөрөнгөд үзүүлэх урт хугацааны нөлөөлөл нь хязгаарлагдмал байхыг онцолсон байна.
Хоёрдугаар сарын эцсээр Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш Азийн хувьцаанууд зах зээлийн үнэлгээнд суурилсан жингээрээ 7.6 хувиар унасан ч ихэнх салбаруудын хувьцааны ханш он гарснаас хойш өсөлттэй байна.
“Morningstar”-ийн шинжээчид АНУ-ын Холбооны Нөөцийн банкийг 2026 оны туршид бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэж тооцоолжээ. Харин 2027 оноос бууруулж эхэлнэ гэж үзэж байна. Энэ нь ойрын хугацаанд Ази даяар мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах юм.
Хэдий тийм боловч Японд инфляцын хүлээлт нэмэгдэж, Засгийн газрын бондын өгөөж өссөн нь тус улсын Төв банк бодлогын хүүгээ өсгөх магадлалыг нэмэгдүүлж байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд бусад улсад хүү тогтвортой байх нь хувьцаануудын ханшийг дэмжих бол Японы Төв банк хэт зөөлөн бодлогоосоо шилжсэнээр хөрөнгийн зах зээлд сорилт дагуулахыг онцоллоо.
Үүнээс гадна хиймэл оюуныг чиглэсэн хөрөнгө оруулалт нь хагас дамжуулагчийн эрэлтийг дэмжиж байна. “Morningstar”-ийн таамаглалаар үүлэн тооцооллын томоохон компаниудын хөрөнгө оруулалтын зардал энэ онд 600 тэрбум ам.доллароос давах төлөвтэй байна. Энэ нь тэргүүлэх чип үйлдвэрлэгчдийн өсөлтийг хадгалахыг тодотгосон юм.