
Зургийг: Jesse Thompson/Bloomberg
(Bloomberg) -- Дөрөвдүгээр сард Австралид орон сууцны үнэ 2025 оны нэгдүгээр сараас хойших хамгийн бага дүнгээр өслөө.
Өнгөрсөн сард Австралийн зургаан мужийн нийслэлд орон сууцны үнийн өсөлт удааширсныг үл хөдлөх хөрөнгийн зөвлөх “Cotality” компанийн тайлан харуулж байна. Тухайлбал: хамгийн том хотууд болох Сидней болон Мельбурнд үнэ тус тус 0.6 хувиар унажээ. Ингэснээр тус улсын мужуудын нийслэл хотуудын индекс ердөө 0.2 хувиар өссөн байна. Мөн үндэсний орон сууцны үнийн индекс 0.3 хувийн өсөлт үзүүллээ.
Амьжиргааны өртөг нэмэгдэж, зээл төлөх чадвар буурснаар 2025 оны эцсээс Австралийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт суларсныг “Cotality”-ийн шинжээч онцолж байна.
Түүнчлэн бодлогын хүүг өсгөж буй нь зах зээлд нэмэлт дарамт бий болгож, хөрөнгө оруулагчдын итгэл унаж байгааг анхаарууллаа.
Австралийн Төв банк инфляцыг хазаарлахын тулд бодлогын хүүг гурав дахь удаагаа дараалан нэмэгдүүлж, 4.35 хувьд хүргэх хүлээлттэй байна. Түүнчлэн дахин хоёр удаа нэмж магадгүй гэж арилжаанд оролцогчид үзэж байна.
Сидней хот нь хөгжингүй орнуудын хотууд дунд орон сууц худалдан авах өртөг хамгийн өндөртэйд тооцогддог. Тус хотод орон сууцны үнэ буурах нь ховор үзэгдэл бөгөөд 2024 оны аравдугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд богино хугацааны уналт ажиглагдаж байжээ.