
Зургийг: Justin Hamel/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Ираны арми Персийн буланд харилцан гал нээснээр даваа гарагт брент төрлийн газрын тосны ханш бараг зургаан хувиар өсөж, баррель нь 114 ам.доллар хүрлээ.
Мягмар гарагийн арилжаа эхлэх үед WTI төрлийн газрын тосны үнэ 1.4 хувиар унаж, баррель нь 105 ам.доллар орчимд тогтворжоод байна.
Даваа гарагт болсон халдлагууд гал зогсоох тохиролцоо хэврэг байгааг харуулж байна гэж “MST Marquee”-ийн Эрчим хүчний ахлах шинжээч мэдээлжээ. Тэрбээр "Мөргөлдөөн дахин эхэлж, ялангуяа газрын тосны дэд бүтцэд илүү их хохирол учирвал газрын тосны үнэ огцом өсөх магадлалтай" гэдгийг анхааруулсан байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас зах зээлд нийлүүлэгдэх олон сая баррель газрын тосны нийлүүлэлт тасалдсанаар брент төрлийн газрын тосны үнэ он гарснаас хойш 90 орчим хувиар өсөөд байна.
“Мөргөлдөөн ширүүсэх төлөвтэй тул газрын тосны үнэ аажмаар өсөхөөс өөр аргагүй. Энх тайван тогтох найдвар бүдгэрч, нөхцөл байдал хурцадсан үед юу болохыг хэн ч таашгүй” гэж “Enverus” компанийн Газрын тос, байгалийн хийн зах зээлийн шинжээч Карл Ларри мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Salem News Channel”-д өгсөн ярилцлагадаа дайн дахин хоёроос гурван долоо хоног үргэлжилж магадгүй гэж мэдээлсэн юм.