
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- “China Vanke”-ийн шинээр ашиглалтад оруулсан орон сууцны тоо буурснаар I улиралд БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч тус компани 871 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа тайлагналаа.
Сүүлийн санхүүгийн хоёр жилд “China Vanke” компани нийт 19 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Энэ оны эхний улиралд ч мөн алдагдалтай ажилласан нь зах зээлийн уналт үргэлжилж, ашигт ажиллагаа нь улам хумигдаж буйг илтгэж байна.
Нийт нэг их наяд юанийн хөрөнгө эзэмшдэг “China Vanke” компани өдийг хүртэл дампуурлаа зарлаагүй үлдсэн цөөн хэдэн хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн нэг юм. Хэдий тийм боловч сүүлийн хоёр жилд хөрвөх чадвар нь буурч, өнгөрсөн саруудад хугацаа хожихын тулд бондын эргэн төлөлтийн хугацааг сунгах арга хэрэглэж байна.
Ашиглалтад оруулсан орон сууцны үзүүлэлт талбайн хэмжээгээрээ өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурсан нь тус компанийн нийт орлого 24 хувиар буурахад голлон нөлөөлснийг тайландаа онцолжээ.
БНХАУ-ын барилгын компаниуд орон сууцыг гэрээгээр борлуулдаг бөгөөд зөвхөн барилгын ажил бүрэн дууссаны дараа л орлогыг нь санхүүгийн тайландаа бүртгэдэг журамтай. Оны эхний гурван сард “China Vanke”-ийн гэрээт борлуулалт 52 хувиар унажээ.