
Зургийг: adb.org
Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2026, 2027 онд 5.1 хувь болж саарах төлөвтэйг Азийн Хөгжлийн Банк мэдээллээ. Өнгөрсөн оны 5.4 хувийн өсөлтөөс буурч байгаа нь Ойрх Дорнодын мөргөлдөөн, олон улсын худалдааны тодорхой бус байдал эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотойг шинэ тайландаа дурдсан байна.
Мөн бүс нутгийн түвшинд инфляц 2025 оны 3.0 хувиас өсөж, энэ онд 3.6 хувь, ирэх онд 3.4 хувь байх төлөвтэйг онцоллоо.
"Ойрх Дорнод дахь мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжилбэл бүс нутгийн эдийн засгийн төлөвт хамгийн том эрсдэл учруулна. Дайн нь эрчим хүч, хүнсний үнийг өсгөж, санхүүгийн нөхцөлийг чангатгах эрсдэлтэй" гэдгийг Азийн Хөгжлийн Банкны Ерөнхий эдийн засагч Альберт Парк анхаарууллаа.
Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн онд таван хувьтай гарч байв. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхгүй байгаагаас гадна экспортын өсөлт нь саарсны улмаас энэ онд 4.6 хувь, ирэх онд 4.5 хувь болж буурна гэж Азийн Хөгжлийн Банк тайландаа тодотгов.
Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 5.7 хувь болж саарах бол ирэх оноос зургаан хувь хүрч хурдасна гэж Азийн Хөгжлийн Банк тооцоолжээ. Инфляцын хувьд энэ онд 7.8 хувь хүрч эрчимжин, 2027 онд 6.8 хувь болж, эргээд саарах төлөвтэй байна.
Ойрын хугацаанд уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байж, эдийн засгийн өсөлтийн 0.8 нэгж хувийг бүрдүүлэхээр байгааг тайланд дурджээ. БНХАУ-ын эрэлт тогтвортой байгаагаас гадна 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн экспортын зориулалттай тусгай төмөр зам нь нүүрсний олборлолтыг дэмжихийг мөн онцолсон байна.