
Зургийг: Lionel Ng/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийн Банк Ираны дайнаас үүдэлтэй сөрөг нөлөөлөлд өртөөд буй улс орнуудад 20-25 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгох боломжтой гэж мэдээллээ. Тодруулбал: Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Ажай Банга хямралын бэлэн байдал, хариу арга хэмжээний багц хэрэгслийг ашиглан энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд гаргах боломжтойг онцлов.
Энэхүү хэрэгсэл нь тухайн улсад хэрэгжиж буй батлагдсан төслүүдийн зарцуулагдаагүй байгаа үлдэгдлийн 10 хүртэлх хувийг хямралын менежментийн зорилгоор шилжүүлэн ашиглах боломж олгох юм.
Түүнчлэн Ойрх Дорнодын мөргөлдөөн үргэлжилбэл Дэлхийн Банк тусламжийн хэмжээг 50-60 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжийг судалж байгааг тэрбээр “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Ажай Банга
“Бодит байдал дээр бидний шийдвэрлэх гээд буй хоёр хүчин зүйлийн цар хүрээг хэн ч баттай мэдэхгүй. Нэгдүгээрт, нийлүүлэлтийн доголдлын үргэлжлэх хугацаа. Хоёрдугаарт, талууд гал зогсоох тохиролцоонд хүрээд буй энэ үед дэд бүтцэд учирсан хохирлыг таамаглах юм. Хэрэв мөргөлдөөн дахиад эхэлбэл эрчим хүчний байгууламжууд цаашид хэчнээн хэмжээний хохирол амсах нь тодорхойгүй. Бид энэ хоёр хүчин зүйлд үндэслэн тооцооллоо хийж байгаа. Бидний эхний төсөөллөөр бол гал зогсоох тохиролцоо хэрэгжиж, 3-4 сарын дараа нөхцөл байдал хэвийн болбол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляцад тодорхой хэмжээний л сөрөг нөлөө үзүүлнэ. Харин мөргөлдөөн дахин эхэлж, дайны дам нөлөө арилах хүртэл 6-8 сарын хугацаа зарцуулбал эдийн засаг, инфляцад үзүүлэх нөлөөлөл нь тэс өөр, маш хүнд байна. Бидний таамаг ийм л байна” гэж мэдэгдлээ.