
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Персийн булан дахь зөрчил хурцдаж, газрын тос үйлдвэрлэлийн гол бүс нутгийн нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас улсынхаа тэргүүлэх газрын тос боловсруулагч компаниудад дизель түлш, шатахууны экспортоо түр зогсоохыг үүрэг болгожээ. Тодруулбал: тус улсын эдийн засгийн төлөвлөгч агентлаг болох БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо газрын тосны компаниудын удирдлагуудтай уулзаж, тээвэрлэлтийг түр зогсоохыг даалгасан талаар ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна.
БНХАУ бүс нутагтаа газрын тосны бүтээгдэхүүний экспортоор гуравдугаарт бичигддэг. Газрын тос боловсруулалтын нүсэр салбар нь дийлэнхдээ дотоодын хэрэгцээг хангахад ашиглагддаг байна. Дайн эхэлснээс ердөө зургаа хоногийн дараа тус улс ийнхүү экспортоо зогсоосон нь Ойрх Дорнодын хямрал гүнзгийрэх тусам улс орнууд дотоодын хэрэгцээгээ эн тэргүүнд тавьж эхэлснийг харууллаа. Бямба гарагт Ираны эсрэг АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Персийн булангаас газрын тос, түлшний нийлүүлэлт бараг хийгдээгүй юм.
Монгол Улс одоогоор нийт шатахууны хэрэглээнийхээ тав орчим хувийг БНХАУ-аас импортолж буй. Хэдэн сарын өмнө улсаараа түлш, шатахууны ноцтой хомсдолд орсны дараа импортлогчид Хятад улсаас худалдан авалтаа нэмэгдүүлэх болоод буй. Энэ хүрээнд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацтай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцсоныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нэгдүгээр сард мэдээлж байв.
БНХАУ-ын эрх баригчид газрын тосны салбарынхантай уулзахдаа шинэ гэрээ байгуулахаа зогсоох, эсвэл гэрээгээр тохирсон нийлүүлэлтээ цуцлах талаар нөгөө талтайгаа хэлэлцэх зөвлөмж өгснийг эх сурвалж мөн мэдээлжээ. Тус улсын Төрийн өмчит “PetroChina”, “Sinopec”, “CNOOC”, “Sinochem Group” болон хувийн хэвшлийн “Zhejiang Petrochemical” зэрэг том компаниуд Засгийн газраасаа шатахуун, түлш экспортлох квот тогтмол авдаг байна.