logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    2025 онд Монголд 854,235 жуулчин зочилсны 55 хувь нь БНХАУ, ОХУ-ын иргэд байжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 06 10:00
    1515

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа

    Монгол Улс 2025 онд 854 мянга гаруй жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ. Нийт ирсэн жуулчны тоо өмнөх онтой харьцуулахад 45 мянгаар буюу 5.6 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 12 дугаар сард л гэхэд 46,307 жуулчин, оны сүүлийн өдөр 1007 жуулчин Монгол Улсыг зорин иржээ. 

    Жуулчдын урсгал VI, VII, VIII сард оргилдоо хүрч, тус бүр 100 мянга давжээ. Өнгөрсөн оны ихэнх сард жуулчдын тоо өмнөх оныхоос өссөн нь зах зээлийн сэргэлт, олон улсын сурталчилгаа, эвент арга хэмжээ, нислэгийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотойг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тодотгож байна.

    Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээрээ дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтсаныг НҮБ-ын тайланд онцолсон. Оны эхний есөн сард жуулчид хүлээн авсан үзүүлэлтээрээ 2024 оныхоос 16 хувиар өссөн нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа аж. Мөн цар тахлын өмнөх түвшнээс жуулчдын тоо 44 хувиар өссөнийг тайланд дурджээ.

    2025 онд Монголд Улсад ирсэн нийт жуулчдын 50 гаруй хувь нь БНХАУ болон ОХУ-ын жуулчид байсан байна. Харин БНСУ-аас 177 мянга гаруй жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 16 мянга гаруйгаар буурсан дүн боллоо.

    unnamed.jpg

    “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 2026 он дуустал визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Мөн Монгол Улсад 30 хоногийн хугацаанд жуулчлах зорилгоор ирэх Австри, Бельги, Итали, Испани, Дани, Швед, Швейцар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг 34 улсын иргэдийг энэ он дуустал визийн шаардлагаас чөлөөлсөн юм.

    Монгол Улс 2025 онд 124 мянга гаруй гадаадын иргэнд виз олгосныг Гадаадын иргэн харьяатын газар мэдээллээ. Визийн нийт хүсэлтийн 96.9 хувийг зөвшөөрч, 3.1 хувь буюу 4000 орчим иргэнд виз олгохоос татгалзсан байна.Нийт визийн дийлэнхийг аялал жуулчлалын зориулалтаар олгосон бөгөөд 75 улсын 85,600 гаруй иргэнд цахим виз олгожээ.

    Аялал жуулчлалын цахим виз олголт 95.7 хувьтай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг Гадаадын иргэн харьяатын газар онцоллоо.

    Үүнээс гадна хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхээр улсын аялал жуулчлалын бүсийг 12 аймгийн 17 байршилд байгуулахаар Засгийн газар баталсан. Гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын цогцолбор бий болгохоор төлөвлөж байна.

    Энэ хүрээнд зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай нийт 267 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2026 онд олгохоор тооцоолжээ. Хүүгийн татаас 23.1 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусгаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих