
Зургийг: С.Батсайхан
Даваа гарагийн байдлаар улсын хэмжээнд 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна. Толгойт өртөөнд буухаар очсон 26 вагон, Рашаант өртөөнд дөрвөн вагон, Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд буй 23 вагон байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв. Замдаа явж байгаа 23 вагоноос дөрөв нь Рашаант, тав нь Улаанбаатар, дөрөв нь Толгойт, тав нь Дархан, мөн тав нь Сайншанд өртөөнд буух хуваарьтайг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотголоо.
Түүнчлэн ОХУ-аас импортолж буй шатахууны хэмжээ эрс нэмэгдсэн, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их орж ирнэ. Мөн БНХАУ-аас авах АИ-92 автобензиний эхний ачилт энэ даваа гарагт хийгдэж, гурав дахь өдөр гэхэд Монголд орж ирэхийг онцлов.
Харин ням гарагийн байдлаар нөөцгүй болон нөөц багассан 106 шатахуун түгээх станцад 1025 тонн АИ-92 автобензин түгээлтэд гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлсэн юм. Аравдугаар сарын 26-нд шилжих шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин импортолсныг мөн тодотголоо.
Нефтийн бүтээгдэхүүний нэг зах зээлээс хараат бус байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын компаниуд “PetroChina International”-ээс аравдугаар сард нийт 15,500 тонн АИ-92 автобензин захиалсан бөгөөд үүнээс 2000 тонныг үйлдвэрлэж ачихад бэлэн болсон байна. Экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачилт хийж, экспортолж эхэлнэ гэж тус компани мэдээлж байсан юм. Харин бусад бүтээгдэхүүнийг 11 дүгээр сарын эхнээс нийлүүлэх юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 280 гаруй шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдгаас 182 нь хэвийн ажиллаж байгаа бол 11 нь онцгой байдал, эмнэлэг, цагдаа болон бусад гэрээт байгууллагад өгөх хязгаартай байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв. Харин 39 нь нөөцгүй болж түр зогсоод байгаа аж.