Зургийг: parliament.mn
УИХ-ын ээлжит бус чуулганаар хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 2024 оны төсвийн тодотголын хамт баталлаа. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гурван намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас багтааж, эдийн засгийг тэлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр оруулсан байна.
Мөн 2023 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцүүлсэн юм. 2023 оны нэгдсэн төсөв 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан хэдий ч УИХ-аас баталсан дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх, хариуцлага сахилга батыг сайжруулах нэн шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Үүний зэрэгцээ 2025 оны Төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. 2025 оны төсвийн бодлого том төслүүдийг эхлүүлэх, Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэнэ гэж Ерөнхий сайд тодотгосон юм. Тухайлбал: Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210 тэрбум төгрөг, хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.
Мөн “Таван тойрог” авто замын төслийн хүрээнд ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто зам шинээр барихаар төлөвлөсөн болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.