logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    МХБ: I-VII сард ₮565 гаруй тэрбумын 5.6 сая ширхэг бонд арилжаалагдсан
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 21 11:40
    359

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    OTC Market: 2024 оны эхний хагас жилд 536.7 тэрбум төгрөгийн 33 шинэ бонд бүртгэгдсэн

    Монголын Хөрөнгийн биржээр оны эхний долоон сард анхдагч болон хоёрдогч зах зээлд нийт 5.67 сая ширхэг бонд 565.03 тэрбум төгрөгөөр арилжаалагджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 дахин өссөн дүн болж байна.

    Тайлант хугацаанд “Улаанбаатар бонд”-д 500 тэрбум төгрөгийг анхдагч захаас татсан нь голлон нөлөөлжээ. Ингэснээр оны эхний хагаст биржийн үнэт цаасны нийт арилжааны 66 гаруй хувийг бондын арилжаа бүрдүүлэхэд нөлөөлж байсныг Санхүүгийн зохицуулах хороо тайлагнаж байв. 

    Энэ онд “Ашид Капитал ББСБ” ХК-ийн “Симпл III” бонд гарч, анхдагч арилжаагаар 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол “Ард Кредит” Улаанбаатар Үнэт Цаасны Биржид нээлттэй бондоо гаргахаар болж, урьдчилсан захиалга авч эхлээд байна.

    Харин биржийн бус зах зээл дээр энэ оны II улиралд нийт 536.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 33 шинэ бонд (төгрөгөөр гаргасан) бүртгэгдсэн байна. Салбараар нь үзвэл банк бус санхүүгийн байгууллагын бонд 41 хувийг, үл хөдлөх хөрөнгийн компанийн бонд 22 хувийг эзэлжээ.

    Төгрөгөөр бүртгэгдсэн нийт бондын дундаж хүү 19.5 хувь байна. Мөн хугацаагаар нь аваад үзвэл 12 сарын хугацаатай бонд дийлэнх буюу 49 хувийг бүрдүүлж байгаа аж.

    Одоогийн байдлаар “Топ-100” аж ахуйн нэгжид , компанийн бонд гаргахад тавигддаг нөхцөл, шаардлага, цаг хугацааг бууруулж мөн нээлттэй, хаалттай хүрээнд бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх гэх зэргээр үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах зохицуулалтуудыг эцэслэн батлуулахаар ажиллаж байгааг Санхүүгийн зохицуулах хороо онцолж байна.

    Cэтгэгдэл бичих