Зам тээврийн салбар 2024 оны эхний хагас жилд 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2022 оны нийт тээвэрлэлтээс давсан үзүүлэлт болсныг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ.
Урьдчилсан тооцооллоор оны эцэст 120.5 сая орчим тонн ачаа тээвэрлэнэ гэж үзэж байна. Энэ нь 2023 оны нийт тээвэрлэлтээс 12.2 хувиар өссөн үзүүлэлт болохоор байгаа аж.
Авто тээврээр тээвэрлэсэн ачаа оны эхний зургаан сард 41.4 сая тонн хүрсэн бол оны эцэст 75 сая тонн хүргэхээр төлөвлөж байна. Харин төмөр замаар оны эхний хагаст 20.9 тонн ачаа тээвэрлэжээ. 2024 оны эцэст зорилтот хэмжээнд хүрч, 45.5 сая тонн ачаа тээвэрлэвэл 2023 оноос 26 орчим хувиар өсөхөөр байгаа ажээ. Харин агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх хүлээлттэй байгааг салбарын Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ.
Бүх төрлийн тээврийн өсөлтийг хадгалснаар оны эцэс гэхэд тээврийн салбарын орлогыг 8.3 их наяд төгрөг хүргэнэ гэж салбар яам тооцоолж байна.
Монгол Улс 16 улстай авто тээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулаад байгаа төдийгүй дэлхийн 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой болоод байгаа юм. Мөн авто болон төмөр замын бүтээн байгуулалт, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлснийг Зам, Тээврийн хөгжлийн яам онцолж байна.