
Зургийг: mfa.gov.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долоодугаар сарын 3-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Энэ удаагийн уулзалтыг бүс нутгийн болон дэлхий дахины үйл хэрэгт асар их нөлөө үзүүлэх чухал үйл явдал гэж ажиглагчид үзэж байна.
Монгол Улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөснийг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.
Энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр эзлэх төлөвтэй байгаа юм. Мөн худалдааны саад бэрхшээлийг бууруулах, зохицуулалтыг уялдуулах, гишүүн орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн санаачлагуудыг гаргахаар байна.