Зургийг: David Paul Morris/Bloomberg
АНУ-ын суурь инфляц оны эхний сард сүүлийн найман сард байгаагүй өндөр дүнгээр эрчимжлээ. Тухайлбал: АНУ-ын инфляц 0.4 хувиар эрчимжиж, шинжээчдийн хүлээлтээс давав. Ингэснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд бууруулах магадлал буурч байна.
Инфляц дийлэнх эдийн засагчдын төсөөлснөөс өндөр гарсанд хүнс, автомашины даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь үнийн өсөлт нийт өсөлтийн гуравны хоёрыг бүрдүүлсэн нь анхаарал татаж байна.
“Инфляцыг хоёр хувьд хүргэх тийм ч амаргүй байна. Холбооны Нөөцийн банк тавдугаар сараас л бодлогын хүүгээ бууруулах болов уу” гэж “Bloomberg”-ийн эдийн засагчид үзэж байгаа аж.
Дээрх мэдээллийн дараа “S&P 500 Index” унаж, АНУ-ын Засгийн газрын бондын хүү өссөн үзүүлэлттэй байна.
Харин алтны спот ханш 1.4 хувиар буурч, 2023 оны 12 дугаар сараас хойш анх удаа унц нь 2000 ам.доллар болж уналаа. Үүнийг дагаад мөнгө, цагаан алт болон палладийн ханш ч унаад байгаа бол зэсийн ханш Лондоны Металлын биржид 0.3 хувиар өсөж, тонн нь 8260 ам.доллар болоод байна.