
Зургийг: Raul Ariano/Bloomberg
Швейцарын Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан-2024”-ийг танилцууллаа. Энэ оны эрэмбэд Монгол Улс 100 онооноос 26.47 оноо авч, жагсаалтад сүүл мушгижээ. Манай улсын оноо хэдий өнгөрсөн оныхоосоо 3.29 нэгжээр нэмэгдсэн ч гурван байр ухарсан байна.
Тус тайлан нь улс орнуудыг эрэмбэлэхдээ хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл, авьяас, ур чадварыг татах болон бэлэн байдлын хүчин зүйл гэсэн гурван үндсэн бүлгийн мэдээлэлд тулгуурладаг. Монгол Улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61 дүгээрт, авьяас, ур чадварыг татах хүчин зүйлээр 67 дугаарт буюу өнгөрсөн жилээс гурван байр ухарч бичигджээ. Мөн амьдралын чанар, олон улсын туршлагаар 66 дугаарт, санхүүгийн ур чадвар болон их сургуулийн боловсрол 64 дүгээрт байсан нь ерөнхий эрэмбэ буурахад нөлөөлсөн болохыг тус судалгааны төв тодотгосон байна.
Дэлхийн авьяас, ур чадварын эрэмбэд Швейцар улс тэргүүлсэн хэвээр бол Сингапур зургаан байр урагшилж хоёрдугаарт, Люксембург нэг байр ухарч гуравдугаарт бичигджээ. Мөн АНУ зургаан байраар ухарч 21 дүгээрт, БНХАУ 38 дугаарт, Япон 43 дугаарт эрэмбэлэгдсэн. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл, Бразил , Монгол эрэмбэлэгдэж сүүл мушгилаа.