Зургийг: Raul Ariano/Bloomberg
“Монголын Хөрөнгийн бирж” ХК 2024 оны эхний хагас жилд 17.8 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 8.5 дахин өссөн дүн боллоо. Үйл ажиллагаанаас нийт 23.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Он гарсаар тус компанийн хувьцааны ханш 237 орчим хувиар өсөөд байгаа юм.
I-VI сард “Монголын Хөрөнгийн бирж”-ийн 22.3 сая ширхэг хувьцаанд 4.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн идэвхтэй байлаа. Оны эхний хагас жилийн арилжааны үнийн дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.8 дахин өсжээ.
Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ зургаадугаар сарын 28-ны өдрийн байдлаар 11.28 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 288.11 тэрбум төгрөг буюу 2.62 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд 15.54 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжиж, үнийн дүн нь 6.1 их наяд төгрөг хүрчээ. Нийт 339 удаагийн арилжаа хийгдсэнээс 14,553,600 тонн буюу 93.63 хувийг нүүрсний арилжаа бүрдүүлсэн байна. Харин 980 мянган тонн төмрийн хүдэр болон баяжмал, 6000 тонн зэсийн баяжмал, 4355 тонн хайлуур жоншны баяжмал арилжжээ.
БНХАУ-ын Чиндао хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “БНХАУ-ын нүүрс, кокс, гангийн аж үйлдвэрлэлийн 13 дах удаагийн чуулга уулзалт”-д “Монголын Хөрөнгийн бирж” оролцож “Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн мэдээ мэдээллийг тогтмол солилцох, “Монголын Хөрөнгийн бирж”-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны мэдээлэл байршуулах тусгай цэсийг "MySteel.com" платформд үүсгэх” зэргээр хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тохиролцсон байна.