Зургийг: С.Батсайхан
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт наймдугаар сард улсын хэмжээнд 6.5 хувьтай гарч, өмнөх сараасаа нэг нэгж хувиар эрчимжсэнийг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ. Улсын хэмжээнд инфляц 2022 оны эцсээс энэ оны зургаадугаар сар хүртэл тасралтгүй буурч байсан юм.
Инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.4 нэгж хувиар тус тус нөлөөлжээ.
Сонгууль угтсан мөнгө тараалт, төсвийн зарцуулалтын нэмэгдлийн нөлөөгөөр инфляц энэ оны сүүлээр эргэн эрчимжих төлөвтэйг Төв банк ч, олон улсын байгууллагууд ч анхааруулж байв. Өнгөрсөн тавдугаар сард Монголбанкны судалгаанд оролцсон шинжээчид инфляц II улирлын эцэст 6.8 хувь, ирэх оны эхний улиралд 7.6 хувь хүрч өснө гэсэн төсөөлөл гаргаж байсан юм.
Энэ онд бодлогын хүүгээ хоёр удаа бууруулж, нэг удаа хэвээр хадгалах шийдвэр гаргаад буй Монголбанкны мөнгөний бодлогын ээлжит шийдвэр есдүгээр сарын 13-нд гарах товтой байна.