
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Борлуулалтын орлогын 21.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4 хувийг хүнсний бус бүтээгдэхүүн эзэлж байна.
Тайлант хугацаанд хүнсний бөөний болон жижиглэн худалдааны орлого 7.8 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 39.6 хувиар, хүнсний бус худалдааны орлого 34.6 хувиар өсжээ.
Харин хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа өмнөх оны түвшинтэй харьцуулахад 50.3 хувиар, шатахууны бөөний худалдаа 41.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2024 оны эдийн засгийн өсөлтөд худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт эерэг нөлөө үзүүлэхээр байгааг Монголбанк тайландаа дурдаж байв. Дотоодод эрэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулахаас бусад салбарын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4.0 хувьд хүргэж нэмэгдүүлсэн гэж Төв банк мэдээлж байсан юм.
Эрсдэл талдаа харвал эдийн засгийн тогтворгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний асуудал зэрэг худалдааны салбарт хүндрэл учруулж болзошгүй гэж салбарынхан үзэж байна.
"Оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны тэнцэл жилийн өмнөхөөсөө 23.6 хувиар буурсан. Цаашид импортын бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүн экспортынхоос давсаар байвал чангараад байсан төгрөгийн ханш тогтвортой байдлаа алдах эрсдэлтэй. Ингэснээр үйл ажиллагааны нийт өртөг нэмэгдэх, гадаад гүйлгээний зардал өсөх, нөгөө талд хэрэглэгчийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй" гэж АПУ ХК эрсдэлийн тайландаа дурджээ.