Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Төлбөрийн тэнцлийн оны эхний хагас жилийн гүйцэтгэл 57.3 сая ам.долларын алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ үзүүлэлт нь өмнөх онуудын мөн үеийн түвшинтэй харьцуулахад нэмэгдсэн дүн болж байгаа бөгөөд 2021 оны үеийн үзүүлэлттэй ойролцоо байна.
Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад барааны импорт нэмэгдэж, худалдааны ашиг буурсантай холбоотой байна. Өөрөөр хэлбэл урсгал данс 2024 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 309.2 сая ам.долларын алдагдалтай байгаа нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн дүн болж байна.
Монгол Улсын экспортын орлогын гол эх үүсвэр болох нүүрсний үнэд гадаад зах зээлээс шалтгаалсан сорилтууд нэмэгдэж буйг Эдийн засагч Ж.Энхбаяр онцолж байв.
Урсгал дансны бусад голлох үзүүлэлтүүдээс харахад аяллын үйлчилгээний тэнцэл 37 хувиар нэмэгдэж, 536 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл аяллын үйлчилгээнд гадагш зарцуулсан мөнгөн урсгал дотоодод төвлөрсөн орлогоос давсан үзүүлэлттэй байна.
Харин хөрөнгийн дансны тэнцэл 78.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 30.8 хувиар сайжирсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Мөн хөрөнгө оруулалтын урсгалыг илтгэдэг голлох үзүүлэлтүүдээс харвал 2024 оны эхний хагас жилд Монгол Улсад 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.