Зургийг: mglaqua.mn
“Эм Жи Эл Акуа” ХК оны эхний хагас жилд 11 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөнийг Монголын Хөрөнгийн биржид тайлагналаа. Тайлант хугацаанд 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Үйл ажиллагааны зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өссөн ба хувьцаат компани болсонтой холбоотойгоор нэг удаагийн шинжтэй мэргэжлийн ажил үйлчилгээний зардал зэрэг туссан нь нөлөөлснийг мэдээллээ.
“Эм Жи Эл Акуа” компани оны эхний хагаст 17.8 сая литр усаар 12.9 сая ширхэг савласан ус үйлдвэрлэж, хоёр төрлийн бүтээгдэхүүнийг зургаан төрлийн савлагаагаар савласнаа онцолж байна.
Байгаль орчин нийгэм засаглалын бодлогын хүрээнд хуруу савны жин бууруулалт хийж, эхний хагас жилийн байдлаар 16.4 тонн хуванцрыг байгальд хаягдахаас сэргийлснээ мөн тодотголоо.
Тус компани 6695 кг хаягдал хуванцар савыг “TML пластик” хуванцар сав дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн байна.
Зургаадугаар сард Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байсан тус компанийн хувьцааны ханш IPO хийснээс хойш долоо орчим хувиар өсөөд байгаа юм.
“Эм Жи Эл Акуа” ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 61.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.